29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан Хотын даргын захирамжийг хүлээн аваагүй байна

“Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Тус сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьж байсан. БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж тус сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгасан . Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон” хэмээгээд Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг дагуу захирамж гаргаж нийслэлийн Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан. Тэгвэл 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан хотын даргын энэхүү захирамжийг хүлээн аваагүй байна. Өөрөөр хэлбэл ажлаа хийгээд явж буй аж. Тэрбээр хотын даргын захирамжийн талаар “Захирамжийг харж байгаад дараагийн арга хэмжээг авна. Би энэ сургуульд зүгээр суугаагүй. Сургалтын орчныг сайжруулахын төлөө маш их ажил хийсэн” гэх тайлбарыг өгч сууна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ