Х.Бадамсүрэн:Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй”

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд өнөөдөр Орхон аймагт болох уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулганы талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Х.Бадамсүрэн захирлаас амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулж, “Лексус-570” маркийн машин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт бэлэглэсэн гэх асуудлыг нь тодруулсан юм.

Эдгээр асуултад тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр л явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм билээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан байдаг.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй” гэж хариуллаа.

Мөн түүнээс зөвлөхөө 10 саяар цалинжуулдаг болоод өөрийнх нь цалин хөлсний талаар лавлахад “Үйлдвэрээ мэддэг, салбараа мэддэг хүмүүс ажиллаж байгаа. Тэд дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авдаг. Бас намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа.ТУЗ-ийн цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй” гэдэг тайлбар өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ