Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэнэ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд хамгийн их маргаан, шүүмжлэл дагуулж буй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх асуудалд багтсан юм.
Харин хэлэлцэхийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр гурав хоногийн завсарлага авах санал гаргасан юм. Тэрээр "Уг хуулийн төслийн зүйл заалт бүр дээр ярилцах хэрэгтэй байна. Хуулийн төсөлд иргэний эрхийг ноцтой зөрчсөн олон заалтууд байгаа. Торгууль нэрээр иргэдийн халаас руу халдах нь. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн иргэнийг торгосон торгууль төсөвт орно ш дээ гэж хэлж байсан. Үүнд миний хувьд маш эмзэглэсэн. Бид асуудалд ингэж хандаж болохгүй ш дээ. УИХ-ын даргад энэ хуулийг хойшлуулж өгнө үү гэж хүсч байна. Эсвэл Засгийн газар энэ хуулийн төслөө буцаан татаад сайн ярилцах хэрэгтэй" гэсэн юм.
Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Энэ хуулиар Байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын бүлэг завсарлага авсан. Тэгэхээр одоо завсарлага авах эрх байхгүй" гэсэн юм.
Ингэснээр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах горимын саналаар санал хураасан боловч гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ