НМХГ: ШТС-ын талбайд газны станц байрлуулсан нь дэндүү аюултай

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг "Горгаз" ХХК, "Дашваанжил" ХХК, "Юнигаз" ХХК, "Тэс петролиум" ХХК, "Синчи-Ойл" ХХК, "НЕС" ХХК, "Евро-Ойл" ХХК, "Шунхлай трейдинг" ХХК, "Сити газ" ХХК зэрэг 9 ААН-ийн нийт 40 ШТС хамрагдсан байна.

Эдгээрээс "Юнигаз" ХХК, "Тэс петролиум" ХХК, "Синчи ойл" ХХК, "НЕС" ХХК, "Евро-Ойл" ХХК, "Шунхлай трейдинг" ХХК-ийн нийт 22 автомашин хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаас аюултай байдлыг үүсгэж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Тухайлбал, "Горгаз" ХХК, "Дашваанжил" ХХК-иуд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулсан байжээ. Мөн "Петростар ХХК", "Шунхлай трейдинг" ХХК, "Тэс петролиум" ХХК, "Синчи ойл" ХХК, "НЕС ойл" ХХК, "Евро ойл" ХХК-иудын 24 шатахуун түгээх станцын талбайд авто машин хийгээр цэнэглэх станц суурилуулан ашиглаж байгаа аж.

Мөн шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан аж. Дурдвал, "Петростар" ХХК-ийн 1, "Содмонгол групп" ХХК-ийн 2, "М-Ойл" групп ХХК-ийн 2, нийт 5 шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.

Энэ нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 9.3.5, “Барилгын тухай” хуулийн 37.6 заалтуудыг зөрчжээ. Ингээд зөрчилтэй Автомашин хүлээлгэн өгөх станцуудын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, барилгын тухай хуулийн 48.2-т заасны дагуу цахилгаан хангамжийг хязгаарлаж, холбогдох хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгосон байна.

Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад шатахуун түгээх станцын өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн тохижилтын ажлыг хийж, эвдрэл гэмтлийг засварлах, тээврийн хэрэгслийн орц гарцын тэмдэг тэмдэглэгээг тодруулах, арилсан бүдгэрсэн хэсгийг шинээр хийх, хамгаалалтын хашаа, хайсын эвдрэл гэмтлийг засаж сайжруулах,саравч түгээгүүрийн өнгө үзэмжийг сайжруулах /будаж цэвэрлэж өнгийг сэргээх/, шороо тоосыг тогтмол цэвэрлэж хэвшүүлэх шаардлага хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ