БНАСАУ баллистик пуужин туршив

БНАСАУ баллистик пуужин туршжээ. Өмнөд Солонгосын цэргийнхний хэлснийг иш татан Ёнхап агентлаг ингэж мэдээлсэн байна. Пуужинг Өмнөд Пхенган мужид Пхеньяанаас хойшхи нутгаас харавжээ.
АНУ-ын засгийн газрын холбогдох байгууллагуудын мэдэгдлийг иш татан Ройтерс агентлагийн уламжилснаар, урьдчилсан мэдээгээр,туршилт бүтэлгүй болжээ.
Америкийн цэргийнхний үзэж байгаагаар, Умард Солонгост хөөргөсөн баллистик пуужин тус орны нутгаас гарч чадаагүй бөгөөд Умард Америкт аюул учруулаагүй байна. Ройтерс агентлаг Номхон далайн командлалын төлөөлөгч Дэйв Бенхэмийн хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.Энэ нь дунд тусгалын KN-17гэдэг пуужин байсан бөгөөд хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа дэлбэрсэн байна.
БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдөр – дөрөвдүгээр сарын 15-нд пуужингийн өмнөх туршилтыг хийсэн юм. Туршилт бас бүтэлгүй болсныг Өмнөд Солонгосын цэргийнхэн зарласан билээ.
Умард Солонгос баллистик пуужин болон цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлж буйд эрс дургүйцэж байгаагаа АНУ сүүлийн үед илэрхийлж байгаа юм.БНАСАУ-тай ноцтой мөргөлдөөнд хүрч болохыг ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.
Цөмийн болон пуужингийн технологи цаашид туршихгүй байхыг мөн өдөр БНХАУ Умард Солонгост уриалаад, тус орны эсрэг хүч хэрэглэхгүй байхыг бусад оронд сануулсан байна.
АНУ Пхеньяны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээг чангатгах замаар зорилгодоо хүрэх бодолтой байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэхдээ АНУ хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа мэдэгдсэн юм. Туршилтын хариуд БНАСАУ-д цохилт өгөх боломжийг америкийн тал хэлэлцэж байгааг үүнээс өмнө мэдээлсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ