Зөрчлийн хууль: Гэр бүлээ дарамталбал баривчилна


УИХ өнгөрч буй долоо хоногийн пүрэв, баасан гаригт Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 80 гаруй зарчмын зөрүүтэй томъёоллоор санал хураалгалаа. Эдгээрээс олонхийн дэмжлэг авсан заалтуудаас энэ удаад тоймлов.
Зөрчлийн тухай хуулиар 600 гаруй төрлийн зөрчлийг зохицуулна. Үүнээс танхайрсан, бусдыг зодсон, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг таван зөрчилд баривчлах шийтгэл ногдуулах болж байна. Баривчлах хугацаа 7-30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байх юм.
Одоо мөрдөгдөж буй хуулиудаар 15-16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг бол Зөрчлийн тухай хуулиар таван төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар багасгажээ.
Тусгай байранд саатуулна
Зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ хэмээн тодорхойлжээ. Ингэхдээ баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.
Харин жирэмсэн эмэгтэй, 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд баривчлах шийтгэл оногдуулахгүй. Гэхдээ нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.
Мөн баривчлах шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулж болох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.
Шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Албадан сургалт 10.00-50.00 цагийн хугацаатай байна.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй бол торгуулна
Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол иргэнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заалаа. Жишээ татвал хөрш айлд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн хэрнээ цагдаагийн газарт мэдээлэл өгөөгүй бол дээрх хэмжээний торгуулиар торгуулах болж буй юм.
Мөн олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн бол, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах юм.
Зөрчлийн хуульд 600 гаруй зөрчлийг 11.300 субьект шийднэ, эдгээр нь янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байх учир зөрчил хянан шийдвэрлэх явц нь хуулийн дагуу явагдсан эсэхэд прокурор хяналт тавих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ