“Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар ялыг илүү хүндрүүлэх боломж гарч ирнэ”


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэсэн аж.
Энэ талаар тус бүлгийн дэд дарга Ж.Батзандан “УИХ-аар Зөрчлийн тухай хууль хэлэлцэж байна, энэ долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Эдгээр нь хүний үндсэн эрхийг хязгаарлаж байна. Анх Засгийн газраас оруулж ирсэн Зөрчлийн хуулийн төсөлдторгох, эрх хасах гэж байсан. Харин байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсэг баривчлах шийтгэл нэмж оруулж ирснээр зөрчил үйлдсэн хүний халдашгүй эрхэнд цагдаагийн байгууллага халдах, хүний үндсэн эрхийг зөрчих боломжийг нээж өгсөн. Үүнийг өөрчлөх саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа гаргасан. Ингэснээр 11 зөрчилд баривчлах шийтгэл оруулж ирснийг тав болгож буурууллаа. Одоогийн байдлаар дөрвөн зөрчил дээр баривчлах шийтгэл үлдсэн. Зөрчлийн хууль гэмт хэргийн шинжтэй хууль болж хувирч байна. Зөрчилд баривчлах ял оноох нь буруу. Торгуулийн хэмжээ өндөр байгаа. Хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно гэж орж ирсэн.Үүнийг Ардчилсан намын бүлэг Зөрчлийн хуулиар далимдуулж, жирийн иргэдийг хоморголон баривчлах болно. Хүний үндсэн эрхэд халдах, боомилох хэрэгсэл болгож ашиглах гэж байна гэж үзэж байгаа учраас эсэргүүцэж байгаа, сайжруулж гаргах ёстой” гэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл мөн анх Засгийн газар болон өмнөх УИХ-ын үед барьж байсан байр суурийг эвдсэн шинжтэй гэж үзжээ. Тухайлбал, эрүүгийн хэрэг мөрдөн шалгагдаад шүүхэд шилжүүлсний дараа шүүх тухайн хэрэгт ял шийтгэл ногдуулах ёстой, гэм буруу нь нотлогдохгүй бол цагаатгах ёстой. Мөрдөн байцаалтад хэргийг буцаадаг байж болохгүй. Гэтэл энэ хуулийн төслөөр мөрдөн байцаалтад шүүхээс буцаадаг байхаар оруулж ирснийг эсэргүүцэж байна. Мөрдөн байцаалтад хэргийг буцаадаг байх юм бол хүний эрх дордоно. Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар ялыг илүү хүндрүүлэх боломж гарч ирнэ гэж үзжээ.
Үүнээс гадна тус хуулийн төсөлд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахаар оруулж ирсэн. Социализмын үеэс цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байсан явдлыг таслан зогсоох ёстой.Хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулдгийг халах ёстой. Харамсалтай нь, эрх баригч нам прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно гэж оруулж ирсэн байна. Үүнийг дэмжих боломжгүй гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ