Рио-Тинтогийн өмнө сөгдөх үү, эс сөгдөх үү

Дэлхийн хэрсэн том компанийн гомдол бидний гомдлоос давж бууна уу гэхээс наана бууна гэж байхгүй нь тодорхой
Хүний хүү хүрэн бөөртэй гэдэг. Нэгэн цагт Монголчуудын авралын од хэмээн шүтэгдэж улстөрчид нь алд дэлэм хадагтай золгож байсан Рио-Тинтогийнхон хүрэн бөөрөө ч үзүүллээ, хүзүүний мах хатуу гэдгийг ч санууллаа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Рио-Тинтог монголчууд буруу эрхлүүлснийхээ горыг дөнгөж амсч эхэлж байна.
Нэгэн цагт Ерөнхий сайд С.Баяр асан “Монголчуудын гар газар, хөл хөсөр байх боломжийг Рио-Тинто бидэнд олголоо. Оюутолгойн гэрээ манай улсын хувьд хөгжлийн шинэ гараа” хэмээн баяртайгаар мэдэгдэж байлаа. Сангийн сайд асан С.Баярцогт хөл алдан гүйж АНУ-д өөрийн биеэр очин хүндтгэл үзүүлж байв.
Харин одоо юу болоод байна. Та бүхний олж ирсэн хөрөнгө оруулагч тараа таниулж, “Би толгойроо хариуцана” мэдэгдэж, амласан амлалт, саймширсан саймширалт бидэнд чөдөр тушаа болж ирэв. Авраад байсан од чинь “хүзүүн дээр хүйтэн хутга” тавив. Та бүхний ярьж байхыг сонссон хоёр сая гэрч амьд байна.
ОУВС-гийнханд Рио-Тинтогийн зүгээс гомдол гаргасан нь үнэн гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэв. Гэхдээ гайгүй биз дээ хэмээн иргэдээ хуурахаа ч мартсангүй. Гомдол л бол гомдол. Дэлхийн хэрсэн том компанийн гомдол бидний гомдлоос давж бууна уу гэхээс наана бууна гэж байхгүй нь тодорхой.
Түүнээс гадна ОУВС-ийн шахалтаар татвар нэмж байна хэмээн Сангийн сайд мэдэгдэж, арайтай л уйлчихаагүй. Ядуу улсын сайд байх ямар ч хэцүү юм вэ дээ хэмээн хөөрхийг өрөвдөж л байлаа. Гэтэл ОУВС-ийнхан бид татвар нэм гээгүй, энэ бол танай улсын дотоод асуудал хэмээн мэдэгдэх. Сайд нь худалч, дээрээс нь хүчтэний өмнө хүчгүйн буруутайн үлгэрээр өнөөдөр том компанийн өмнө улам л тэргүүн гудайх бололтой.
Асар их нөөц бүхий ордыг нь эзэмшинэ. Өрмийг нь хамана. Ядарсан цагт нь ял үүрүүлэх гэж зүтгэнэ. Ийм “нөхөд”-тэй бид хол явна гэж үү. Улс орны хөгжил төдийгүй хувь хүний амьдрал нөхөрлөсөн нөхрөөс шалтгаалдаг. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол ч гэдэг. Харин одоо бид ямар “нөхөр”-тэй ханилж яваагаа мэдэж, харж авлаа.
Үнэндээ Рио-Тинто Монголыг өөрийн уурхайн бүс нутаг гэж харна уу гэхээс энд ард түмэн амьдарч, улс орон оршин тогтнож байна хэмээн анзаарах ч үгүй байх шиг байна. Дээрээс нь төрийн түшээд нь авлигад хэт автаж, улс орныхоо эрх ашгийг “эхнэр”-ийнхээ эрх ашгаас дорд үзсний балаг гарч эхэлж байна.
“Эхнэр”-ээ хэт эрхлүүлж, ард түмнээ мартсан улстөрчид улам бүр ангал руу үйж, өчигдөрийнхөө алдааг цайруулах гэж өнөөдөр бүр ихийг алдах нөхцөлд зээл авах тухай ярьж байж ч мэдэхээр байдал үүсээд байна. Рио-Тинтогийн гарт хожлийн хөзөр байгаа болохоор тэд гомдол мэдүүлсэн нь тодорхой. Төргүй, төр нь байвч хүчгүй улс дэлхийг хэрсэн том компанийн өмнө сөгдөх үү, эс сөгдөх үү гэдэг асуултын өмнө ирээд байна.
Толгойгоороо хариуцаж гэрээ хийгсэд, том амлалт өгч гарын үсэг зурагсадаас ард түмэн хариулт нэхэх эрхтэй. Та бүхний даган далдаганаж, урин саймшираад байсан Рио-Тинто өнөөдөр улам бүр улс орны эрх ашгийг үл тоон дарамтлах хэмжээнд ирлээ. Үүний буруутан хэн бэ. Тэд өнөөдөр гомдол мэдүүллээ. Харин маргааш яахыг хэн ч таашгүй. Муугаас муу, муухайгаас улцан л гэдэг болж байна даа.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ