Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Монголчуудын хувьд энэ өдрийг тэмдэглэх болсоор 24 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. 1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн юм.
Мэдээллийн эрх чөлөө бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь үгийн эрх чөлөөний болон иргэд, тэдний нэгдлийн өөрсдийн үзэл бодлыг хуулиар зөвшөөрөгдсөн аргаар, хүртээмжтэй байдлаар илэрхийлэх эрхийн хөгжил, үр дагавар мөн.
Тиймээс нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсганасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийхийг хориглодог. Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагааг хязгаарладаг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглодог. Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал мөн. Энэ талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ