Уймраа дээрээс нь аймхай Монгол

Улс оронд төр гэж байна уу. Дэлхийг хэрсэн томоохон компанийн шахалтын өмнө өвдөг сөхөрч, саяхан баталж байсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйлд заасан “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг монгол банкаар дамжуулъя” гэсэн заалтаа МАН-ын бүлэг цуцлахаар боллоо.

Уймраа дээрээс нь аймхай, өөрсдийн эрх ашгийг хичээсэн аминч үзлийн дөнгөнөөс салаагүй МАН улс орноо мандуулах бус баллуурдахаар нэгэнт шийдлээ. Ингэхэд манай улсыг хэн, хаанаас удирдаад байна вэ. Бидэнд төр, өөрсдийн эрх ашиг, улс орны ирээдүйн төлөө хийж чадах ганц зүйл ядахадаа байна уу гэж төр барьж буй эрхмүүдээс асуугаад ч хэрэггүй болов.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид ОУВС -гийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзаж ярилцсан. Энэ үеэр нэг компанийн шахалтаар шийдвэрээсээ буцаж байна уу гэдгийг асуусан.

ОУВС нэг компанийн шахалтаар хариу ирүүлээгүй, Монголын банк санхүүгийн салбарт тодорхой эрүүлжүүлэх бодлогыг өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд баримтлах ёстой. Тиймээс л УИХ -ын тогтоолын заалтыг эргэн харах нь зүйтэй гэж үзсэн” гэх тайлбарыг хийсэн байх юм.

Хэн ч Рио-Тинтогийн шахалтаар бид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд танайд дарамт учируулж байна гэж хэлэхгүй. Тэнэг асуултын хариу бэлэн байдаг гэдэг шиг УИХ-ын гишүүн нь ийм зүйл асуугаад сууж байдаг нь өөрөө тэнэг үйлдэл юм.

Тэгээд ч мань хүн тэгж асууж зүрхэлсэн үү гэдэг нь ч эргэлзээтэй. Сүүлийн үеийн МАН-ын сайд нарын гаргаж байгаа үйлдэлүүд нялхас ичээм инээдтэй, эргэж буцсан, эрхэлсэн, тунирхсан, гомдсон, будилсан, уймарсан, нялцаганасан төрийн хүнд байж боломгүй тал нь хэтийдэх нь хэрээс хэтрэв.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат “Оюутолгойн гэрээг С.Баярын Засгийн газар байгуулсан. Оюутолгойн гэрээг байгуулахдаа зэсийн баяжмалын мөнгийг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулахгүй байх энэ нөхцөлийг хийсэн байсан. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгал Монголд орж ирэхгүй нөхцөлтэй гэрээг тэр үед хийсэн. Харин бид энэ асуудлыг Засгийн эрх барьж байхдаа мөнгөн урсгалыг Монголдоо оруулж ирье, гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг асуудлыг “Рио Тинто”-д тавихад зөвшөөрөөгүй. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа тавьсан, МАН адилхан тавих ёстой.

Монгол Улсын эрх ашиг гэж байдаг юм бол энэ гэрээний өөрчлөлт рүү явах ёстой. Энэ дээр аль ч нам нэгдмэл байр суурьтай байх ёстой” хэмээн мэдэгдэв. Боломж байгааг тэд харсан болоод л ингэж хэлсэн байх. Хэнд ч үл хөндөж болох эрх ашиг гэж бий. Тэр бол улс орны эрх ашиг. Энэ дээр л бид нэгдэж чадахгүй бол уймраа чавганц шиг эргэж буцсан шийдвэрүүд бидэнд хөгжил авчирахгүй.

О.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ