29-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурах эрхийг шаардаж байна
-СОНСГОЛГҮЙ ХҮҮХДИЙН СУРАХ ОРЧИН ХААГДМАЛ БАЙНА-
Өнөөдөр 29-ийн сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ: Бид өнөөдрийн мэдээллээ төр засагт хандаж хийж байна. Учир нь бидний хүүхдүүд сурч боловсрох нөхцөл бололцоо чадвар маш муу байгаа учраас төр засаг руу болон БСШУЯ руу хандан мэдээлэл хийхээр боллоо гэв.
Бид энэ асуудлыг арга хэмжээ авах хүртэл нь дараагийн шат шатны байгууллагад хандана. 29-р сургуулийн сургалтынталаар нэг жишээ нь авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй. Дохионы хичээлийг мөн адил их бага цагаар заадаг. Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь 29 дүгээр тусгай сургууль юм. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байхгүй. Бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй ийм түвшинд л суралцаж байна хэмээн тэд тус сургуулийн арга зүй, стандартад шүүмжлэлтэй хандсаар иржээ.
Иймд БСШУЯ боловсон хүчнээ бодлогоор бэлдэх ёстой, шаардлагатай байна. Дохионы хэлээ муу ойлгож байна гэж хүүхдүүд ээж аавдаа хэлдэг хандан сурмаар байна гэж хэлж байна. Яагаад гэхээр багш нараа дохионы хэлээр бэлтгээгүй учраас багш нар хүүхдүүдтэй харилцаж чадахгүй байна.
Мөн сурах бичгийн хүрэлцээ маш муу гээд бараг л байхгүй гэхэд болно гэсэн юм. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой тул сурах бичиг их чухал гэв.
Дээрх шалтгаануудын улмаас өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн сурах боломж хаагдмал байгаад эцэг эхчүүд гомдолтой байна. Мөн сургуулийн захирлыг халсан ч заах арга зүйг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй гэж хэвлэлийн хуралд оролцсон эцэг эхчүүд үзэж байв. Сонсголгүй хүүхдийн төрөлх хэл нь дохионы хэл тул дохионы хэлний журмыг нэн даруй батлах шаардлагатай гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ