Орон даяар сонгуулийн 2078 хэсэг байгуулагдаад байна

Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх сарын 29-ны өдөр болно. Тус сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна.

СЕХ-ноос сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намыг эсэргүүцсэн, эсвэл дэмжсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн хороод санал авах ажиллагааг элдэв зөрчил, хүндрэлгүй зохион байгуулах, сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах, сонгууль зохион байгуулсан тухай тайланг үнэн зөв, түргэн шуурхай гаргаж, хуульд заасан хугацаанд ирүүлж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт анхааруулжээ.

Сонгуулийн хугацаа ойртсонтой холбоотойгоор хууль, журмаа сайтар судлан, хуулиа дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч, сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх нөхцөл бололцоог нь бүрдүүлж ажиллах, хуваарилсан төсвийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулах чиглэлийг СЕХ-ноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарын үеэр өгчээ.

Монгол Улсын ээлжит Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшихээр болсон бол АН-ын урьдчилсан санал асуулгаар Х.Баттулга сонгогдсон бөгөөд ирэх бямба гарагт болох намын хурлаар баталгаажих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ