Цагдаагийн алба хаагч Г.Маралмааг хүчиндсэн гэх асуудлаар мэдээлэл хийв

tsagdaa

Дөрвөн настай дагавар охиноо зодож, хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Г.Маралмааг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдаа хүчиндсэн хэрэг сөхөгдөөд байгаа билээ. Тодруулбал, яллагдагч Г.Маралмаа 2016 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах үедээ дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан юм.

Гэвч хүчингийн хэрэгт холбогдсон дэслэгч Б үүнийг үгүйсгэж, мэдүүлэг өгсөн байдаг аж. Тэрээр Г.Маралмааг “Би хүчиндээгүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо бариулсан” гэжээ.

Хэрэгт шалгалтын ажиллагаа явагдаж байх үед дэслэгч Б энэ сарын 03-нд гэрээслэл үлдээгээд, амиа хорлосон аж. Тэрээр гэрээслэлдээ “Би худал зүйлд гүтгэгдэж, амьдарч чадахгүй нь. Гэрийнхнээсээ уучлалт хүсч байна” хэмээсэн байжээ.

Өнөөдөр энэ талаарЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал хэлэхдээ: “Шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг хүчиндсэн хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст шалгаж байна.Хэргийг шалгаж байх хугацаанд шалгагдаж байсан иргэн Б Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ боомилсон байдалтай олдсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэв.

Одоогийн байдлаар талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэл бичгийг прокуророос шалгахаар авч явсан байна. Мөн түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт шилжилж байгаа юм.

Харин Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдаж болзошгүй гэнэ. Ийнхүү Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаагийн дэслэгч Б нас барсан учир хэрэг хаагдаж магадгүй байна. Учир нь, талийгаач Маралмааг хүчиндсэн гэх хэргээр шалгагдаж эхэлснээс хойш “Намайг худал хэрэгт гүтгэх гэж байна” хэмээн ойр дотныхондоо ярьж байжээ. Мөн хэрэгт сэжиглэгдсэнээс үүдэн түүнийг ажлаас нь түр чөлөөлсөн байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд маш их сэтгэлээр унасан байдалтай байсанг шалгалтын үеэр тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ