АН-ын VIII Их хурал эхэллээ

Ардчилсан намын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд эхэллээ. Ардчилсан намд нийт 180 мянган гишүүн бүртгэлтэй. Үүнээс өнөөдрийн хуралдаанд нийт 1206 гишүүн оролцож байна. Эдгээр гишүүд нь Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн аж.
Хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах юм. Тус намын дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авахын тулд Л.Болд, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдсөн. Харин намын дотоод сонгуульд Х.Баттулга онооны илүүтэйгээр сонгогдоод байгаа юм.
Тиймээс наймдугаар Их хуралд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах юм.
Гэхдээ нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол Р.Амаржаргалын асуудал яригдаж болох талтай.
Учир нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Их хурлын гишүүдийн дунд нэр дэвшигчээр нууц санал хураалт явуулна. Унасан тохиолдолд асуудлаа үргэлжүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой” гэдгийг өнгөрсөн лхагва гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ