С.Батболд: Хуурайшилттай үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны үеэр Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7844 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 434 нэгж буюу 5.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 2076 үйлдэл бүртгэгдсэн нь 15 нэгж буюу 0.7хувиар өссөн үзүүлэлтэй байна. “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн 3274 чиглэлд цагдаагийн 4015 алба хаагч, 1000 хэв журмын урамшит эргүүл хамтран үүрэг гүйцэтгэж, гудамж талбайд үйлдэгдсэн 60 гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажилласан. Мөн Батлан хамгаалах их сургуулийн 1000, Хууль Сахиулах ИхСургуулийн 1000 сонсогчийн оролцоотойгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага50-60 нэгжээр, орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага 50 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга, хурандаа Б.Батболд “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3200 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 110, зөрчлийн шинжтэй 1423 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1533 ослыг материалжуулан шалгаж байна. “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний зам, явганы гарцуудад ажиллаж байгаа олон нийтийн 52 цагдааг мэргэжлийн удирдлагаар ханган сургалт зохион байгуулахаас гадна шүгэл, дохиур модоор хангаж гудамж замд үүрэг гүйцэтгэхэд нь ажлын үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Мөн “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд дүүргийн 891 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч Татварын хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна” гэлээ.

НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Аюултай ” зэрэгт байна” гэж танилцуулав.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна.Энэ ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран зохион байгуулах хэрэгтэй” гэдгийг албаныханд санууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ