Нэр дэвшигчдийг 23 төрлийн шинжилгээнд хамруулжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаярыг нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, дүгнэлт гаргуулсан байх ёстой гэж заасан байдаг.
Энэ дагуу Эрүүл мэндийн яамаар ахлуулсан комисс байгуулагдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг энэ сарын 7-нд үзлэгт хамруулсан байна. Үзлэгийг улсын II тусгай эмнэлэгт явуулжээ.
Эрүүл мэндийн шинжилгээний дүгнэлтийг гурван хавсралтын хамт Сонгуулийн Ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус үзлэгээр нэр дэвшигчдийг суурь өвчлөлөөс гадна мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцоо зэрэг 23 нэр төрлийн шинжилгээнд хамруулжээ. Ингэснээр нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихад эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлдог юм.
Шинжилгээний үр дүнгийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодруулахад "Шинжилгээний үр дүнг өнөөдөр зарлах боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой асуудал гараагүй" гэж хэллээ.
Учир нь намууд энэ 11-ны дотор багтаан нэр дэвшигчийн баримт бичгээ СЕХ-нд хүргүүлнэ. Харин СЕХ тэдгээр баримт бичгийг нягтлаад, тавдугаар сарын 14-нд нэр дэвших эсэхийг шийдэж, 17-нд олон нийтэд зарлах юм. Энэ хүртэл нэр дэвшигчдийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг олон нийтэд зарлаж болохгүй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ