Улаан талбайд Ялалтын парад эхэллээ

ru

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны 72 жилийн ойд зориулсан цэргийн парад эхэллээ. Цэргийн сүрт жагсаалд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Армийн командлагч Олег Салюков нар оролцож байна. Мөн 10000 орчим цэрэг, 144нэгж байлдааны техник, 72 нисэх онгоц оролцож буй юм.

Энэхүү арга хэмжээ нь явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцнуудын үзүүлбэр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж буй юм. Тус парадад 2016 оныхоос хоёр дахин олон буюу 210 эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байгаа ажээ.

Цэргийн сүрт жагсаалын үеэр шинээр зохион бүтээсэн “Тор-M2DT” ойрын тусгалтай зенитийн пуужингийн систем болон “Панцирь-С.А” газар-агаар ангиллын пуужингийн системийг танилцуулах аж. Энэ хоёр системийг Арктикт ажиллагаа явуулахад зориулан зохион бүтээжээ.

Агаарын үзүүлэх тоглолтод “Сухой Су-30 СМ” сөнөөгч нисэх онгоцуудыг олон нийтэд анх удаагаа танилцуулах юм байна. Мөн “Т-72” байлдааны танкийн шинэчилсэн хувилбар болох “T-72B3M” танкийг парадад анх удаагаа оролцуулах нь. 2016 онд захиалгаар хийсэн энэ танкны хамгаалалтыг сайжруулж, хөдөлгүүрийг нь илүү хүчтэй болгожээ. Улаан талбайд 22:00 цагт Ялалтын баярт зориулсан салют буудах ёслол болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ