Алга болсон Г.Даваадорж хүүг оллоо

Энэ сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 68-р дунд сургуулийн 6-р ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Ар гэрийнхнийх нь мэдээлж буйгаар хүүг өчигдөр 13:00 цагийн орчимд зам гаргаж өгөөд хичээлд нь явуулсан ч хүүхэд сургууль дээрээ очилгүй сураггүй болсон аж.

Харин дөнгөж сая Нийслэлийн цагдаагийн газар болон хүүгийн ар гэрийнхэн хүүг эсэн мэнд олсон талаар мэдээллээ. Гэхдээ одоогоор хүү юунаас болоод яагаад алга болсон тухай тодорхой мэдээлэл алга байна. Эргэн сануулахад хүүгийн гэр нь сургуулиас 500 метрийн зайд байдаг. Ойр орчмын хяналтын камеруудыг шалгаж үзэхэд сургууль орох зам гарч байгаа дүрс бичлэгээс өөр бичлэг олдоогүй ажээ. Түүнчлэн алга болсон хүүгийн гар утсаар үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэх мэдээлэл байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ