Т.Бат-Эрдэнэ: Туул гол дээр барих усан далангийн барилгыг дараа жил эхлүүлнэ


-Туул гол дээр усан сангийн цогцолбор барихаар яригдаж байна. Чухам ямархуу цогцолбор байх юм бол?
-Гол дээр далан байгуулж, усаа хуримтлуулах юм. Голын урсч байгаа усан дээр, бороо, үер, шар ус, хөрсний ус нэмэгдэж хуримтлагдана. Хуримтлагдсан уснаас бид Туул голынхоо урсацыг жигдрүүлнэ. Туул маш их бохирдолтой устай гол болчихсон шүү дээ. Ялангуяа Улаанбаатар хотоор дайран өнгөрөхдөө зарим газарт ширгээд газар дор орчихсон байдалтай байна. Иймээс голынхоо голдирлыг жигдлэх, одоо байгаа усны түвшинг бага зэрэг нэмэгдүүлж, байх ёстой хэмжээнд хүргэх тэр тохиргоог хийх юм.
Улаанбаатар хотод уулын, үерийн гээд байгалиас өгч байгаа өгөөж усыг бид нэг, хоёр өдрийн дотор л урсгаад гаргаад хаячихдаг, ерөөсөө ашиглахгүйгээр. Харин одоо тэр шууд урсаад өнгөрч байгаа усаа барьж тогтоогоод ахуйн хэрэгцээний болон ундны усны нөөцийг тэнцвэржүүлэх боломжтой болно.
-Ундны усны нөөц бүрдэхээс гадна усан сангийн цогцолборыг дагаад аялал жуулчлал хөгжүүлнэ гэв үү?
-Даланг бий болгосноор Улаанбаатар хотын хуурайшилттай уур амьсгалыг зөөллөж, чийгшилтэй болгоно. Хураагдсан энэ усан даланг түшиглээд усан спорт, аялал жуулчлал бусад чиглэлийн салбарыг хөгжүүлэх боломж нь бүрдэж байгаа.
-Нэлээд том талбайг эзэлсэн усан сан байж байж уур амьсгалд нөлөөлнө дөө?
-Тэгнэ. Далангийн өндөр нь 38 орчим метр. Нийт хамрах талбай нь 4000 гаруй км хавтгай газар нутгийг хамрах юм. Ийм байгууламжийг ганц Улаанбаатар хотод хийх гээд байгаа юм биш. Манай урд хөршид байна. Бээжин хотын усан хангамжийг тогтвортой байлгахын тулд тав, зургаан голд ийм усан сан байгуулсан. ОХУ-ын Москва хотод мөн адил ийм аргахэрэглэсэн. Турк, Израиль гээд маш олон оронд ингэж гол дээр далан босгож усны асуудлаа шийдсэн.
-Далангаа хаана байгуулах юм бэ. Тэрэлж орчимд уу?
-Тэрэлжээс цааш буюу өөдөө. Тэрэлжийн бэлчир газарт л даа. Яагаад энэ газрыг товлов гэхээр Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 1980-аад оноос энэ талаар эрчимтэйгээр судалж ирсэн. Тухайн үед Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар судалгаа хийгээд Туул голын чиглэлд таван газарт хөндлүүр буюу далан барих боломжтойг тогтоосон.
1989 онд Зөвлөлтийн эрдэмтэд дахин судалж Хар усан тохойн аманд боомт хийе гэсэн судалгаа гаргасан. Үүний дараа 1997-1998 онд “Монхидро констракшн” компани бас судалгаа хийж тавдугаар хөндлүүр дээр далан босгож болох юм байна гэдгийг тогтоосон.
-Тавдугаар хөндлүүр гэдэг нь хаана вэ?
-Тэрэлж байхгүй юу. 2010-2011 онд “Пристеж инженеринг” компани тухайн үеийн Байгаль орчны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтраад судалгаа хийсэн нь Тэрэлжийн хоёрдугаар хөндлүүр буюу өнгөрсөн пүрэв гаригт бидний хуралдсан яг тэр хөндийд далан байгуулах боломжтойг тогтоосон. Нийт 270 орчим сая ам.долларын өртөгтэйгээр далан босгох юм байна гэдэг урьдчилсан судалгаа хийсэн. Түүний дараа Солонгосын Олон улсын байгууллага “Койка” мөн судалгаа хийж хоёрдугаар хөндлүүр дээр далан босгож болно гэдгийг баталсан. Энэ мэтчилэн дотоод, гадаадын байгууллагуудын явуулсан эдгээр урьдчилсан судалгаагаар байгаль орчны үнэлгээ, орчны тогтоц, газар хөдлөлт, газрын доорх баялаг гээд бүгдийг нь судалсны үндсэн дээр хоёрдугаар хөндлүүр дээр далан барих талаар хурлын шийдвэр гарсан. Энэ байршил дээр тогтсон.
-Энэ ажлыг яаралтай эхлүүлэх захирамж гарчихаж?
-Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн хурлаас усан далан барих ажлыг эрчимжүүлэх захирамжийг гаргасан.
-Барилгын ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-Урьдчилсан судалгаа гараад дуусчихлаа. Судалгаанаас үзэхэд далан босгоход бид нарт 300 сая ам.доллараас доошгүй хөрөнгө шаардлагатай. Тийм л том байгууламж босох юм. Ийм том байгууламжийг гэнэт барихаасаа түрүүлж, барих нөхцөлөө сонгох хэрэгтэй байна. Тендер эсвэл төсөл хөтөлбөр шалгаруулах уу, олон улсын ч юм уу эсвэл Засгийн газрын хөнгөлөлттэй зээл авч барих уу. Ямартай ч өнөө жил техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаагаа гаргаад дараа жилийн өдийд барилгын газар шорооны ажилдаа орох ёстой гэсэн хатуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-2014 онд барилгын ажил эхэлбэл хэдэн жилийн дараа ашиглалтад орно гэсэн үг вэ?
-3-4, таван жил ч баригдаж болно. Гэхдээ энэ даланг өнөөдөр зайлшгүй барих шаардлагатай тулгарчихаад байна. Түүхэн шаардлага гэж байдаг бол хийхгүй байхын аргагүй шаардлагатай тулгараад байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатар хотын усан хангамж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Бид цэвэр ус, ахуйн хэрэглээний усныхаа тэнцвэрт байдлыг хангахын тулд ямар нэгэн тохируулга хийх ёстой. Хамгийн түрүүлж хийх ёстой ажил бол энэ мөн. Тийм учраас аль болох түргэн хугацаанд хийж эхлүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.
-Эхний удаад нэг далан барина. Тэр далан манай нийслэлийнхнийг хэдэн жил устай байлгах хүчин чадалтай вэ?
-2050 он хүртэл.
-Эхний даланг барьчихвал 2050 он хүртэл усны асуудалгүй амьдарна гэж үү?
-Усны асуудалгүй. Хангалттай устай байж чадна гэсэн үг. Ер нь бол ийм даланг Туул гэхгүй Сэлбэ голын эхэнд ч барих ёстой. Яагаад гэвэл үерийн усны суваг,урсгал Чингэлтэй хайрхан гэдэг ч юм уу, хотын хойноос урсч орж ирдэг. Үерийн усыг боож хааж, хадгалж чадах юм бол бид Сэлбэ голынхоо урсацыг тохируулж чаддаг болно. Хойноос ирэх салхины нөлөөгөөр уур амьсгал зөөлрөх шинжтэй. Ургамал, ногоон байгууламжаа услах усны нөөцтэй болно.
Одоо бид чинь ундны цэвэр усаа жорлондоо ашиглаад байдаг. Усаа нөөцөлж чаддаг болбол ундны ус нэг, ахуйн хэрэглээний ус хоёр гэж ангилах боломж бүрдэнэ.
Даланг хамгийн өндөр технологиор барина гэсэн улс орныг л бид сонгоно. Яагаад гадаад улс орныг сонгох болов гэхээр энэ нь маш нарийн технологитой инженерийн байгууламж, Монгол Улс түүхэндээ ийм зүйл хэзээ ч барьж байгаагүй. Тиймээс энэ ажилд гадныхныг илүү оролцох болов уу гэж бодож байгаа.
-Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар бас нэг зүйл хэлэлцсэн нь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх биш, шинээр барих асуудал байсан?
-Хоёр дахь түүхэн шийдвэр болсон. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр, бүр цоо шинээр байгуулах шийдвэр гарсан. Төв цэвэрлэх байгууламж өдөрт 170 орчим мянган шоо метр бохир ус цэвэрлэж байгаа. Бид усан хангамжаа нэмэгдүүлнэ, байшин, барилгатай болно. Тэр хэрээр хүмүүс илүү ус хэрэглэж эхэлнэ. Хэрэглэж байгаа усны хэрээр бохир ус ихэснэ. Тэр бохирдсон усыг цэвэрлэхэд одоогийн цэвэрлэх байгууламж дийлэхгүй. Технологи нь муудсан, хатуу эдлэл буюу бетон эдлэлүүд нь хуучирч, хагарч, бутарч байна. Түүгээр нь бохир ус хөрс рүү орж байна. Технологи хоцрогдож байгаатай холбоотойгоор цэвэрлэгээний үйл явцаас гарч байгаа лаг нь хурц үнэртэй, агаар бохирдуулж байна. Энэ бүхнийг энэ хэвээр нь байлгаад байж болохгүй. Өнөөдөр заавал шийдвэрлэх ёстой. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих шийдвэр гарлаа. Боломжтой юу. Бүрэн боломжтой.
-Хаана уг байгууламжийг барихаар шийдээд байна вэ?
-Төв цэвэрлэх байгууламжийн харьяа газарт буюу уг байгууламжийн цаад талд 50 га газар сул байгаа. Тэнд шинэ байгууламжаа барьж болж байна. Өндөр түвшнийцэвэрлэх байгууламжийн технологитой маш олон улсууд байна. Чех, Герман, Франц, Солонгос улс, олон улсын “Жайка” байгууллага хүртэл бидэнд саналаа ирүүлсэн. Тийм учраас бид технологио шилж, сонгож болох нь. Бас нэг боломж бүрдээд байгаа юм. Юу вэ гэхээр, эдгээр улс, байгууллагууд “Бид өөрсдийн мөнгөөр цэвэрлэх байгууламж барьж өгье. Та нар баригдсаных нь дараа бидэнд мөнгийг минь буцааж өгөөрэй” гэж байгаа юм. Ингэхээр боломжтой гээд байгаа маань энэ л дээ.
Тэгэхээр бүх зүйл биднээс шалтгаална. Бид ямар нэгэн улс төр гэдэг ч юм уу, эдийн засаг, бизнесийн лоббинд автахгүйгээр зөв технологи, зөв компаниа сонгох ёстой. Тэгж чадвал 2016 он гэхэд тухайн байгууламжийн эхний блок нь ч юм уу ашиглалтад орж байх юм.
Ийм л зорилготойгоор судалгаа хийгээд, ажиллаад явж байна. Энэ бүхэн маань цаг хугацаанд баригдаж байна. Манайд дулааны улирал гурав, дөрөвхөн сар үргэлжилдэг шүү дээ. Тэгэхээр энэ хэдэн сарыг зүгээр алдахгүйн төлөө хурдан л ажиллах хэрэгтэй байна.
Д.ГАНСАРУУЛ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ