Хуудуутай хууль батлагсад УИХ-ыг муухай харагдуулж байна

-Ц.Нямдоржийн “орондоо” зассан хууль өнөөдрийн засваргүй батлагдаж байгаа хуулиудаас хамаагүй илүү нь-
Үндсэн хуульд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү тус байгууллага хадгалах эрхтэй. Энэ эрхэд нь халдах, нөлөөлөх оролдлого, ашиг сонирхолын зөрчил бүхий хууль захиалан батлуулах зэрэг нь хориотой үйлдэл болж хувирна.
Гэвч сүүлийн үед хэлцэгдэж байгаа, батлагдан хэрэгжихээр болсон хуулиудыг харахад захиалгаын хууль ихээр гараад ч байх шиг.
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ногоон гэрлээр батлагдав.Хууль мэддэг гэж өөрийгөө тоодог бүхий л УИХ-ын гишүүдийн зүгээс шүүмжилж, эсэргүүцэж, санаачилсан нөхрийг нь салбайтал доош нь хийцгээсэн ч эцсийн мөч ирэхэд бүгд л зөвшөөрсөн кноп дарцгаах нь гайхалтай.
Ямар нэгэн хуулийн төсөл орж ирэхэд шүүмжилдэг, хэрэлддэг, хэн нэгнийгээ доош нь хийдэг, уралцдаг ч батлах болоход бүгд ярс хийтэл гараа өргөдөг гайхалтай үзэгдлийн процесс явагддаг газар УИХ болж хувираад байна.Хөөрхий энэ хууль батлагдах нь өнгөрлөө гэж бодогдож, санаачилсан нөхрийг нь өрөвдөтөл шүүмжлэх нь даанч бахтай.
Харин маргааш өглөө нь санал хураахад бүгдийнх нь гар кнопон дээрээ зөвшөөрч дарах нь дэндүү өрөвдөлтэй. Ядаж шүүмжилсэн зүйл, заалт нь засагдаад батлагдаж дээ гэтэл яг л бахь байдаг шүүмжилж байсан хэвээрээ батлагдахыг харахаар гутамшигтай.
Үнэндээ УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн орондоо зассан хууль өнөөдөр батлагдаж байгаа хуулиудын дэргэд сайн, муу ч бай бас чиг засвар орж батлагдсанаараа онцлогтой, донжтой хууль юм шүү. Хууль санаачилж болно, гэхэд санаачилсан хуульдаа засвар оруулахгүй, миний санаачилсан хууль төгс гээд зүтгээд байгаа муйхар гишүүдээ харахаар үхрийн зөрүүд даанч өчүүхэн санагдах үе байх л юм.
Уг нь алдааг нь засах гэж шүүмжилдэг, шүүмжийг нь хүлээж аваад засвар оруулж, сайн мууг нь хэлэлцэж, ёстой л шүүсийг нь шахаж байж хууль батлах үүргийг УИХ хүлээж, 76 гишүүнийг мэтгэлц, хэлэлц, иргэдийнхээ, төрийнхөө аюулгүй байдал, ирээдүйн баталгааг хуулиар сахин хамгаал хэмээн ард түмэн сонгосон. Гэтэл шүүмжилж мэддэг ч засч мэдэдгүй “зайран”-гууд энэ удаагийн УИХ-ын танхимд дуу дуугаа авалцан сууж байна.Хууль хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Гурван зуун мянган төгрөгийн тавараас зайлсхийсэн хүнд эрүү үүсгэж, таван жил шоронд хорих уу, эрүүл ухаанаар ханд Нямбаатар аа гэх.
Хуулийн төслийг шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, хууль гэж зүгээр баранд пиво ууж байгаад санаанд орсноо бичээд батлуулахыг хэлдэггүй юм. Яаж яваад ийм хурдан, батлагдах гээж ороод ирэв энэ хууль. Чи хэн нэгний захиалгаар хууль батлуулах гэж байна. Үүнийг хууль гэдэггүй юм.Хууль батлах гэж байна. Хэн нэгний эзгүй сул орон зайгаас зөвшөөрсөн кноп дарагдана. Үзэгдэх эзэнгүй, таван хүн сууж байгаад жаран хувийн саналаар хууль батлагдана.Баталлаа. Үг үсгийн алдаа нь засагдаж амжаагүй шахам хууль маргаашнаас нь хэрэгжиж эхэлнэ. Хуулийн цэг, таслал, үгийн байрлал, үг бүхний гаргаж байгаа утга, зүйл заалт бүхэн нэг бүрчлэн хэлцэгдэж, оруулсан засвар бүхэн дээр санал хурааж байж хууль батлагдах аваас сая жинхэнэ хүчин төгөлдөр болох учиртай.
Харин өнөөгийн УИХ гишүүн бүхэн хуулийн төсөл бүхнийг шүүмжилдэг, хэрэлддэг, эцэст нь УИХ-ын гишүүд надад хамаагүй юм чинь батлагдсан ч яах вэ дээ гэсэнбайр сууринаас ханддаг хүнийрхүү УИХ болж хувираад байна. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг хүн өөрийнхөө төлөө бус сонгосон иргэд цаашилбал Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах ёстой үүрэгтэй гэдгээ ухамсарлах цаг хэзээ ирэх бол.
Түүнээс гадна хууль тогтоох, төрийн эрх барих төрийн том байгууллагыг үнэгүйдүүлэх, хүчгүйдүүлэх, сарнин бусниулах, хууль батлах босгийг нь намсгах, өчүүхэн харагдуулах нь хэнд ашигтай вэ. Хэний захиалга вэ. Төр хүчтэй байх ёстой. Хууль нь цэгцтэй, хүчтэй байж л төр өөрөө хүчирхэг байна.
Гэтэл устай хууль баталдаг, шүүмжилсэн хуулиа чигээр нь зүтгүүлж батлуулдаг улайрал УИХ-ыг муухай, хүчгүй, дорой болгон харагдуулж байна. Үүний цаана Монголын төр улам бүр үнэгүйдэж байна.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ