Хөрсний нянгийн тоо зуны улиралд өсөх хандлагатай байна

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
“Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” судалгааны үр дүнгээр хөрсний хүнд металлын бохирдлын судалгааг гаргажээ.
Судалгааны дүн:
- Улаанбаатар хотын гэр хорооллын өнгөн хөрсөнд агуулагдах хар тугалга болон хүнцэл стандартын шаардлага хангахгүй байна.
- Улаанбаатар хотын хөрсний хар тугалганы бохирдол олон жилийн турш хадгалагдсан хэвээр байгаа.
- Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдолд авто засварын газрын шатах тослох материал, авто угаалга, дугуй засвар, томоохон авто худалдааны төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлжээ.
- Гэр хорооллын хөрсөнд агуулагдах нянгийн тоо судалгаанд хамрагдсан бүх цэгүүдэд 7-9 сард их бохирдолтой түвшинд байна.
- Хөрсний нянгийн тоо зуны улиралд өсөх хандлагатай байна.
- Нянгийн бохирдолд томоохон зах, гэр хорооллын нүхэн жорлон, томоохон үйлчилгээний төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байна.
- Улаанбаатар хотын гэр хорооллын эзэлбэр газрын өнгөн хөрс хүн, малын ялгадас буюу стандартын шаардлага хангаагүй гэр хорооллын нүхэн жорлонгийн сөрөг нөлөөгөөр бохирдож улмаар гүний усыг эмгэг төрөгч бичил биетэнээр бохирдуулж байна.
- Улаанбаатар хотын гэр хорооллын хороодын хүн амын болон 0-5 насны хүүхдийн дундах суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд хамгийн их тохиолдож байна.
- Улаанбаатар хотын гэр хорооллын бага насны хүүхдийн дунд тохиолдож буй гэдэсний халдварт өвчинд хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол шууд нөлөөлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ