Монголын музейчид олон улсын музейн өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэж байна

Өнөөдөр тохиож буй “Олон улсын музейн өдөр”-ийг энэ жил “Музей ба ээдрээтэй түүх:Нээлттэй ярилцъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Эл өдөрт зориулсан нээлтийн ажиллагаа Монголын Үндэсний музейн гадаа талбайд болов.
Анх 1977 онд Москвагийн Олон улсын музейн зөвлөлийн XI бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин манай улсад 2003 оноос музейн салбарынхан тэмдэглэсээр 14 дэх жилтэйгээ золгож байгаа юм.
Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх музей үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй танилцууллаа.
Мөн “Нээлттэй ярилцъя” чөлөөт индэр ажилласан юм.
Нээлтийн үеэр Монголын музейн нийгэмд, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа дутагдалтай байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Эрдэнэбат онцлов. Тэрээр, “Монголчууд дэлхийд байхгүй гайхалтай өв соёлтой ард түмэн. Музейчид, эрдэм шинжилгээний ажилтан, урлаг соёлынхны дунд ажил явагдаад байгаа болохоос нийгэмд хандсэн, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа дутагдаж байна. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид онцсайн сурч, гадаадад суралцаж байна. Гадаадад очиж эхний асуултад үүх түүхээ мэдэхгүйгээс бүдэрч байна. Тиймээс ЕБС-д музейн тухай танин мэдэхүйн хичээл заавал ордог болох хэрэгтэй. Үзсэн харсан бүхэн насан туршид үлддэг учир хүүхдүүдийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Музейг монголын ард түмэн мэддэг, сонирхдог, бахархдаг байх хэрэгтэй” гэдгийг хэллээ.
Уг үйл ажиллагааг ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ