Төрсөн эцгээ шатаасан этгээдэд 11 жилийн ял оноолоо

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард төрсөн эцгээ хөнөөж, хэргээ нуун далдлахын тулд ахтайгаа нийлж цогцосыг нь шатаасан хэрэг гарсан. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдож, талийгаачийн хоёр хүүхэд нийлж аавыгаа шатаасныг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ. Тэд ”Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л агсам тавиад, ээжийг зодсон байсан тул хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж цогцсыг нь шатаагаад, Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар, түүний ахыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ