П.Цагаан :Tөрийн үйлчилгээ "түргэн " байх ёстой

Өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлгийхэн болон тус эмнэлгээр үйлчлүүлж буй ард иргэдийн хувьд баяртай үйл явдал тохиолоо. Учир нь Степп Купер ХХК-ийн захирал П.Цагаан өөрийн санаачлагаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа иж бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн авто машиныг эмнэлгийн үйл ажиллагаанд зориулан хандивласан юм. Энэхүү машин нь Японд үйлдвэрлэгдсэн бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон учир түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд маш их чухал хэрэгцээтэй зүйл гэдгийг тус эмнэлгийн эмч нар ярьж байлаа. Улмаар иж бүрэн тоноглогдсон ийм түргэн тусламжийн машинтай болсоноорбидний амь насыг хурдан шуурхай аврах боломж бололцоо улам сайжирч байна гэдгийг эл үйл явдлыг харан зогссон иргэд хэлж байсан юм.
Ц.ТӨМӨР-ОЧИР: ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛТЭЙ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНАА ДЭМЖСЭНД БАЯРЛАЛАА
Энэ үеэр тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэлэхдээ: “Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хувийн зүгээс бидэнд туслалцаа үзүүлж байгаа П.Цагаан даргад эмнэлгийн нийт хамт олон болон Улсын төв гуравдугаар эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч, ард иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлж байна. Эрүүл мэндийн салбарт техник тоног төхөөрөмж дутагдалтай, эдийн засгийн энэ хүнд хэцүү үед бид бүхэнд маш том туслалцаа болж байна. Гуравдугаар төв эмнэлэг бол Монголын зүрх, мэдрэлийн төв эмнэлэг. Жилдээ 10-13 мянган яаралтай түргэн тусламж хүлээн авч тусламж үзүүлдэг. Ялангуяа тархины харвалт, зүрхний шигдээс чиглэлээр 21 аймаг, есөн дүүргээс алсын дуудлага хүлээн авч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг онцлогтой эмнэлэг. Тиймээс бидэнд түргэн тусламжийн машин нэн шаардлагатай байдаг. Автомашины эдэлгээ хорогдол их байдаг учраас машины хангалт хүрэлцээ өнөөдрийн шаардагдах түвшинд хүрч чадахгүй байсан. Гэтэл ийм том дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байна.” гэлээ.
Степп Купер ХХК-ийн захирал П.ЦАГААН: МАНАЙ КОМПАНИ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСАН
Степп Купер ХХК-ийн захирал П.Цагаан дарга түргэн тусламжийнхаа автомашины түлхүүрийг тус эмнэлгийн жолоочид гардуулж өгсөний дараа бид цөөн хором ярилцсан юм.
-Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хувийн зүгээс түргэн тусламжийн машин бэлэглэж байгаа танд баярлалаа. Гуравдугаар төв эмнэлгийг яагаад сонгох болсон бэ?
-Би гуравдугаар эмнэлэгтэй их олон талаараа холбоотой. Баяр, зовлон гуниг гэх мэт олон учралаар холбогдож байсан. Мөн гуравдугаар эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах хүндтэй үүрэг гүйцэтгэх завшаан тохиож байсан. Тэр үед Ц.Төмөр-Очир даргад “Эмнэлэг гэхэд гадна тохижилт их муутай байна” гэж би хэлж байсан. Гэтэл сая ирэхэд гаднаа мод тариад гадна тохижилтондоо маш их өөрчлөлт оруулж, сайхан болгосон байна. Ц.Төмөр-Очир даргад талархал илэрхийлье. Өнөөдрийн ирсэн гол шалтгаан бол Японд үйлчилгээнд явж байсан, стандартын шаардлага хангасан эмнэлгийн түргэн тусламжийн машин монголд хандивлах боломж надад олдсон. Ц.Төмөр-Очир дарга овсгоо самбаа гаргаад манай эмнэлэгт хамгийн түрүүнд өгөөч, манайд гурван машин түргэн тусламжийн үйлчилгээ явуулдаг байснаас нэг нь эвдэрсэн байгаа гэсэн санал хэлсэн учраас энэ машиныг гуравдугаар эмнэлэгт өгөхөөр шийдсэн.
-Энэ машин иж бүрэн тоноглогдсон гэсэн үү?-Төрийн үйлчилгээ түргэн байх ёстой. Ялангуяа түргэн тусламжийн үйлчилгээ маш шуурхай байх ёстой. Түргэн тусламжийн машин иж бүрэн тоноглогдсон байж тээвэрлэж, зөөвөрлөж байгаа өвчтөний аюулгүй байдал, амь насыг бүрэн хамгаалж чаддаг. Өнөөдөр гардуулж өгч байгаа энэ түргэн тусламжийн машин олон хүний алтан амийг аврахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх гэж бодож байна. Энэ машин зүрхний аппарат, даралт болон бусад түргэн тусламжийн үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
-Төрийн мөнгөөр биш хувиасаа ийн хандивлаж байгаад тань олон хүн талархаж байх шиг байна?-Манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаад өнөөдөр энэ машиныг гардуулж өгч байгаадаа баяртай байна. Гуравдугаар эмнэлгээр үйлчлүүж буй иргэд та бүхэн эрүүл энх, урт удаан наслаарай. Өнгөрсөн 26 жилд Монголд гарсан хамгийн сайн үзүүлэлт бол монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан явдал. Ингэхэд хувь хүмүүсийн оролцооноос гадна эрүүл мэндийн салбарынхны оруулсан хувь нэмэр их. Цаашид ч гэсэн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах, сургах, боловсон хүчин бэлтгэх гэх мэт олон асуудал бий. Тиймээс эмнэлгийнхэн, ард иргэд , төр засаг, хувийн компаниуд бүгд нийлээд ажиллах юм бол монгол хүний дундаж наслалт улам урт болж, улам аз жаргалтай болох ирээдүй байгаа. Гуравдугаар эмнэлгийн нийт хамт олонд хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсох ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ