Трампыг бөмбөгнөөс хоргодох өрөөнд оруулна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израильд айлчлах үеэрээ бөмбөгнөөс хоргодох өрөөнд буух ажээ. Цагаан ордны эзнийг Израильд айлчлах үеэр тус орны тусгай албадын авах аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай телевизийн NBC суваг мэдээлсэн байна.

Тус сувгийн мэдээлснээр, “King David” зочид буудалд Трамп хоногийн 5700 долларын үнэтэй, сум нэвтэрдэггүй, гранат харвагчаас хамгаалсан таван одтой люкс өрөөнд буух гэнэ. АНУ-ын мэргэжилтнүүд сум нэвтэрдэггүй тусгай шилийг Иерусалимд авчирч, өрөөний цонхнуудад суурилуулах юм байна. Үүнээс гадна,өрөө нь хорт хийн халдлагаас хамгаалах системээр тоноглогдсонажээ.

“Хэрвээ зочид буудлыг бүхэлд нь дэлбэлдэг юмаа гэхэд,тэр өрөө ганцаараа бүтэн үлдэх бөгөөд ганц нэг яс хугарч болох ч, хүмүүс амьд гарна” гэж зочид буудлын менежер хэлсэн байна.

Тэсрэх бодис бүхий машинаар байшинг дэлбэлэхээс сэргийлэхийн тулд тусгай техник бүхий хоёр автобус зам дээр байрлах ажээ.Агаарын бөмбөлгүүдэд хяналтын камер суурилуулж, газар доорхи хонгилын сүлжээнд бөмбөг байгаа эсэхийг тусгай роботууд шалгах гэнэ.

Трампын аюулгүй байдлыг хангах “Blue Shield” гэдэг нэртэй ажиллагаанд Израилийн эрх баригчид 10 мянга орчим цагдаа, түүнчилэн энгийн хувцас өмссөн тусгай албаныхан болон сургуулилттай нохой, нисдэг тэргүүд ашиглах ажээ.Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэнд зориулсан бүх хоолыг тусгайбагажаар шалгах юм байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадад хийх аялалаа тавдугаар сарын 20-нд Саудын Арабаас эхлэсэн юм. Дараа ньерөнхийлөгч Израиль, Итали, Бельги, Ватиканаар орохоор төлөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ