Д.Эрдэнэбат: Төрийн албыг улстөржсөн байгууллага болгох гэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт чуулган, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт нь хэт улстөржсөн байгааг хэллээ.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн хууль болж байна. ЗГХЭГ-т эрх мэдлийг төвлөрүүлсэн нь улстөржсөн зүйл юм. Төрийн албанд орох эрх нь бүх иргэнд нээлттэй байх ёстой. Шинээр сургууль төгссөн мэргэжил боловсролтой боловсон хүчнийг төрийн албанд ороход нь саад учруулах заалтууд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн парламентын үед өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төсөл сайн, чамбай болсон байсан. Одоогийн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан байсан төрийн албан хаагчдыг цахим бүртгэлтэй болгох заалт байхгүй байна. Үндсэндээ ЗГХЭГ улс төрийн байгууллага болж хувирах нөхцөл бүрдүүлсэн төсөл болжээ. Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн цэцтэй адил байгууллага байх ёстой” гэлээ.
2016 оны ээлжит сонгуулиас хойш төрийн албанд 22235 хүн солигджээ. Тодруулбал, 3100 хүн тэтгэвэрт, 6100 хүн өөр ажилд шилжиж, 7700 хүн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 5200 хүн хууль бусаар ажлаасаа халагдсан байна. Эрх баригчид Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь дээрх томилогдсон хүмүүсээ шинэ батлагдах хуулийн хүрээнд ажилд нь үлдээх зорилго хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж. Тиймээс энэ хуультай хамтатган УИХ-ын тогтоолыг батлах ёстой гэлээ.
Түүнчлэн төрийн албаныхан дунд аттестачлал заавал явуулах ёстой гэдгийг ч хэлсэн. Мөн улс төрийн албан тушаалтан гэдэгт ямар хүмүүс орох вэ гэдгийг дахин тодорхойлох хэрэгцээ шаардлага үүссэн хэмээн Д.Эрдэнэбат дарга хэллээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Олон нийтийн хэрэглээ болсон приус маркийн автомашиныг татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Харин өнөөдөр Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?
-Приус машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг пи-ар руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар тугалгатай гээд байна. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу гэж бодож байгаа. Д.Эрдэнэбат санаачилсан уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улстөрийн хандлага гаргаач ээ гэж хүсч байгаа. Эрх баригчид хумхын тоосын чинээ асуудлыг ч улстөржүүлж байна.
-Ирцийн асуудлаар О.Баасанхүү гишүүн байнга хөндөж ярьж байна. Танай намын бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Эрх баригчид 65 гишүүнтэй. Гэтэл ирцийг манай тал руу нааж ярих юм. Чуулганы танхимд МАН-ын 15,АН-ын дөрвөн гишүүн сууж байхад АН-ын есөн гишүүн бүгдээрээ байх ёстой гэх жишээтэй. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрахаа болих хэрэгтэй юм. АН руу дайрч байтал ард түмний амьдрал хэцүүдлээ. Манай нам өнгөрсөн парламентын үед 35 гишүүнтэй байсан. Ирцээ бүрдүүлэхийн тулд гишүүддээ шаардлага тавьдаг байсан юм шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ