Энэ онд 10 хүний элэг шилжүүлэх мэс заслын ЗАРДЛЫГ ТӨР ДААНА

Элэг, бөөр, ясны чөмөг суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс энэ ондоо багтаад арав орчим хүнд элэг шилжүүлэх мэс заслыг хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн юм.
Гэхдээ элэг шилжүүлэн суулгах мэс заслыг төлбөрийг нь даагаад шийдэгддэг зүйл биш учраас энэ тоо өөрчлөгдөх магадлалтайг тэрбээр хэллээ.
Учир нь хагалгааны зардлыг төр хариуцсан ч тохирох донор олох нь хүнд асуудал болдог.
Цаашид Донорын тухай хууль батлагдах юм бол энэ тоо өсөх боломжтой гэдгийг ч хэлсэн юм.
Төрөөс зардлыг нь даах элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр болсон. Түүний хагалгааг өнгөрсөн бямба гарагт хийх байсан ч түр хугацаагаар хойшлоод байгаа юм. Түүний нөхөр донор нь болно.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан дөрөвдүгээр сард 34 дэх элэг шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийсэн. Долоон настай охинд хийсэн мэс засал амжилттай болж, өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гараад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ