Тавдугаар сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль боллоо
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас санаачилсан Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн оролцогчид “Зам тээврийн осолгүй сургууль”бичил төслийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ.
Уг төслийн ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжиж эхлэн энэ сарын 17-ны өдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Хаалтын үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Ахмет Язал, Туркын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дарга Вэйзл Чифтжи, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар оролцлоо.
Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах тавдугаар сургууль орчимд 43 ширхэг босоо тэмдэг, 8000 хайлаасмод, хамгаалалт бүхий 570 орчим метр ургамалан хашлага, 84 м2 хэвтээ тэмдэглэгээ байршуулсан бол Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран иж бүрэн гэрлэн дохиог сургуулийн өмнөх зам дээр байршуулахаар болжээ.
Тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран системтэйгээр зохион байгуулж дуу, зураг, эссе, илтгэлийн тэмцээн уралдаанаар дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал суулгасан байна.
“Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 45 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан ба Австралийн Гадаад хэрэг, худалдааны байгууллагаас 20 саятөгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Нэмээд уг төслийн хүрээнд Туркийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс 60 саятөгрөгийн өртөг бүхий иж бүрэн гэрлэн дохиог нийлүүлэхээр болжээ. Мөн төслийн хүрээнд эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, “Зогсоод хараад, анхаараад гарцаар гарцгаая” дууг зохион бүтээж олны хүртээл болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ