Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг ТҮЦ машинаас авдаг боллоо

mashin

Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Метатек” компани хамтран Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих “Билет бичилтийн ТҮЦ” машиныг туршилтаар суурилуулжээ. Өнөөдөр энэхүү ТҮЦ машины албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг ТҮЦ машин 24 цаг ажиллах бөгөөд иргэд хүссэн цагтаа билет бичүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нэг ТҮЦ машин 15 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд бүх хөрөнгийг “Метатек” компани гаргажээ.

Иргэд ТҮЦ машинаасбилет бичүүлэхдээ Хот хоорондын зорчигч тээвэр цэсийг сонгож, зорчих чиглэлийн автобусны цаг, суудлын дугаараа сонгох юм. Дараа нь регистрийн дугаараа оруулаад, бэлэн бус төлбөр төлөлт буюу банкны картаа уншуулснаар зорчигчийн билет хэвлэгдэж эхэлнэ. Мөн НӨАТ-ын баримт ч авах боломжтой аж. Туршилтыг нэг сар үргэлжлүүлэх бөгөөд амжилттай болсон тохиолдолд Төв шуудан, томоохон зах, худалдааны төвүүд болон 21 аймгийн Зорчигч тээврийн төвүүдэд байрлуулахаар төлөвлөж байна.

Мөн агаарын болон төмөр замын тээврийн билет, торгууль төлөх, АТҮТ-өөс олгодог зарим лавлагааг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хэллээ. “Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбат хэлэхдээ "Туршилтын хугацаа дууссаны дараа нарийн тохиргоо хийж, төмөр зам, агаарын тээвэр зэрэг салбарын мэдээллийн сүлжээтэй нэгтгэснээр бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ