Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн асуудлаар сургалт зохион байгуулав
МХЕГ-аас хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж зуслангийн үйл ажиллагааг явуулах, хоол хүнс, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Улсын хэмжээнд 2017 он гарсаар хүүхдийн байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд менингококт халдвар, гар хөл амны өвчин, цусан суулга өвчний гаралт, тархалт нэмэгдэж байгаа төдийгүй хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарсаар байна.
Иймд аюулгүй байдлыг хангуулах, хоол хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх сургалтыг аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, хүүхдийн зуслангийн удирдлага, эмч, дотоод хяналт хариуцсан ажилтан, тогооч нарыг хамруулан онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ