Б.Чойжилсүрэн: Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл аслаа

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД 38,6 САЯ АМ.ДОЛЛАР-ЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОГДОНО-
Олон Улсын Валютын сан /ОУВС/-ийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг хүлээн авсан билээ. Удтал хэлэлцээр хийсэн уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл аслаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлоллоо. Энэ талаар Сангийн яам, Монголбанкны төлөөлөл болон ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр буюу Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээл авах тухай Монгол Улсын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэн баталсан. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ойролцоогоор 434,3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжихээр боллоо. Бусад түншүүд, тэр дундаа Азийн хөгжлийн Банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ төсвийн болоод төслийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхээ амласан бол Хятадын Ардын банк Монголбанктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдэж байна. Захирлуудын зөвлөл хөтөлбөрийг баталснаар эхний ээлжинд 38,6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад нэн даруй олгогдох болно” гэлээ.
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер: -Санхүүжилттэй холбоотойгоор бусад бүс нутгуудаас санхүүгийн дэмжлэг авч чадсан нь энэ хөтөлбөрийг батлахад дэмжлэг болсон. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дэмжлэг бүрдэнэ. Хувийн хэвшлээс оруулсан хөрөнгө оруулалтай нийлээд 6 тэрбум ам.долларын санхүүжилт хийх юм.ДНБ-тэйнь харьцуулбал хамгийн том хөрөнгө оруулалтболж байгаа. Эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаандаа хүртээмжтэй, ажил эрхлэлтийг нэмэгдүүлсэн байх ёстой. Сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр зарлагыг таслан зогсоох явдал юм. Цаашдаа Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд 8 хувийн өсөлттэй байхад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа.
Монгол Улсад ийм боломж, нөөц байна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар, ОУВС-гаас боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна. Тогтвортой эдийн засгийн бааз суурь бүрдэнэ. Төсвийн алдагдлыг аажимдаа бууруулах зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшинд байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Тэгэхлээр Засгийн газар шат шатандаа хэмнэлтийг тогтолцоог бүрдүүлэх ёстой.
Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээс Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй. Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн баталгааг амжиргааг бууруулахгүй байхад анхаарч байна. Тэгэхлээр энэ хүрээнд нийгмийн халамжийг зорилтотбүлэг чиглүүлж, татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулахад анхаарсан. Ингэхдээ аялал жуучлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна” гэлээ.
Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг тогтворжино, эрүүлжинэ. Мөн төсвийн алдагдлыг бууруулах, ингэснээр дотоодын санхүүгийн зах дээрх дарамтыг бууруулж, гадаад секторын үзүүлэлтүүдийг тогтворжуулан өрийн тогтвортой байдлыг сэргээх юм байна.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Бусад орнуудад хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн байдаг. Энэ талаар жишээ дурдаж болох уу. Шалтгаан нь юу байсан бэ?
Нэйл Сакер: -Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Иж бүрэн тусгалаа олсон байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж явдаг. Үнэлгээ хийх болгондоо эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа. Маш том зорилт дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч шийдмэг шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд банкуудад шалгалт хийсэн гэсэн. Үр дүн нь ямар гарсан бол?
-Монголбанкинд активын үйл ажиллагаа хийсэн. Энэ бүх шийдвэрийг гаргахад маш их эр зориг шаардсан. Активын чанарын үнэлгээний хувьд хөндлөнгийн аудит хийгдээгүй. Сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Энэ зуны турш хийгдээд, намраас үр дүн нь гарна.
-Эхний ээлжинд орж ирэх мөнгийгюунд зарцуулах вэ?
-ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38,6 сая ам.доллар Монголбанкинд байршина.
Ж.ГАНАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН
эх сурвалж:medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ