“Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолт ялагч Мээдээ

“Яг түүн шиг-2”шоуны ес дэх дугаар буюу хагас шигшээ тоглолт найман оролцогчийн дунд ширүүхэн болж өнгөрлөө. Энэ дугаараас хоёр оролцогч хасагдан шилдэг нэг оролцогч таван сая төгрөгийн эзэн болох юм.

Энэ дугаарын ялагчаар оролцогч, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар рок од болсон дүрээрээ шалгарч таван сая төгрөгийн эзэн боллоо. Тэрээр шүүгч тус бүрээс хамгийн өндөр 12 оноог авсан юм.

Хагас шигшээ тоглолтын ялагч Мээдээ тайзнаа шагналаа гардан авсан торгон агшиндаа шагналын таван сая төгрөгөөсөө нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг болгон сүү, чихэр авч очино гэдгээ амлав. Мөн тэрээр дахин нэг сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Чухам юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана гэлээ. Харин энэ мөчид шоуны гурван дугаарын ялагч болсон оролцогч Т.Бархүү би чамтай хамтран хүмүүнлэгийн үйлст нэгдэж байна. Хоёулаа ярилцаж байгаад нэгэн хүмүүнлэгийн үйлсийг хамтдаа хийе хэмээв.

Харин оролцогч А.Хишигдалай, Б.Ариунцэцэг нар шоуг орхихоор боллоо.

Оролцогч А.Хишигдалай тайзнаас “Хувирдаггүй Хишигдалайн хоолойг уучлаарай. Шоуны дараа шинэ уран бүтээлээрээ уулзах болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан.

Оролцогч Б.Ариунцэцэцэг “Сэтгэл гонсойх зүйл алга. Ийм мундаг шоунд уригдаж оролцсондоо баяртай байна. Сая ч гэсэн надад саналаа өгсөн бүх үзэгчдэдээ баярлалаа. Би хувьдаа маш их жаргалтай байна. Их хичээсэн. Завгүй ажилласан. Гэр бүлдээ цаг заваа зарцуулах цаг мөч ирлээ. Ийм мундаг хүмүүстэй хамт өрсөлдсөндөө баяртай байна. Би энэ шоунд оролцоод маш их зүйл сурсан. Бүгдэд нь баярлалаа” гэв.

Ирэх ням гарагт “Яг түүн шиг-2” шоуны ялагч тодорно. Харин арав дахь дугаарт тунан үлдсэн зургаан оролцогч базераас даалгавар авахгүй өөрийн хувирахыг хүсэж буй хүнээ энэ л тайзнаас уулзуулан өрсөлдөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ