Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянгол дүүрэгт ажиллалаа

-

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж байна.
Тус айлчлалыг үр дүнтэй болгохын тулд Баянгол дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг мөн оролцууллаа. Баянгол дүүргийн хувьд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой санал солилцлоо.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлэхдээ: Манай дүүргийн хувьд бүх төсөл төлөвлөгөөт ажил ньбэлэн байдаг учраас шийдвэрлэхэд амар байдаг. Тийм ч учраас өнгөрсөн 7 хоногт дүүргийн хэмжээнд байгаа бүх контейнерыг тоолсон. Тэдгээрээс төмөр контейнерыг зөөж, газар чөлөөлөх ажлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна. Баянгол дүүрэг нь мөн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа ганц дүүрэг юм. Иймээс “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.Гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдийн санал хүсэлтийг сонсож асуудлыг шийдвэрлэн 4000 айлыг орон сууцжуулах боломж бүрдэж байна” гэлээ.
Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн сард хороодоор явж, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нь танилцсан. Энэ ажлын хүрээнд хороодод тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлсэн. Тиймээс Засаг дарга С.Одонтуяа хороодод тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй ажлуудыг өнөөдрийн уулзалтаар холбогдох албаны хүмүүст мэдэгдэж, асуудлыг шийдвэрлэхийг хүслээ.
Дүүргийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг онцолсон тус уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлсэн үгэндээ : Баянгол дүүрэг нь 78000 хүүхэдтэй. Дэлхийн эрүүл мэндийн стандартаар 1000 хүүхэд тутамд 4 ор оногдох ёстой. Энэ утгаар нь авч үзэх юм бол Баянгол дүүрэгт 300 гаруй ортой хүүхдийн эмнэлэг баригдах ёстой. Баянгол дүүргийн хувьд 320 ортой хүүхдийн эмнэлэг бий болж байгаа нь эрүүл мэндийн стандарт хангасан дүүрэг болж байна” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа“Зуунтай” төрийн бус байгууллагын ахмадуудтай уулзлаа. “Зуунтай” ТББ нь ахмад настнуудад нийгэмд оролцох, эрүүл байлгах чиглэл рүү илүү анхааран ажилладаг. Иймд тус байгууллагын ахмадуудын цаашдын зорилтод дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод өглөө.
Хүндэт зочид дүүргийн IV хороо, ОСНААГ-ын Баянгол дүүргийн ХҮТ-11, ХҮТ-ийн 98 дугаар ус, дулаан дамжуулах төв, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд шинээр баригдсан Ахмад настан, хүүхдийн эмнэлэг (60 ортой), Гандантэгчилэн хийд орчмыг аялал жуулчлалын, түүх соёлын загвар гудамж болгон хөгжүүлэх төсөл, Гэр хорооллын төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцны байрын барилга угсралтын ажилтай танилцах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ