Wellmart”-ын хохирогчид хохирлоо барагдуулахыг шаардлаа

Энэ оны хоёрдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Wellmart” худалдааны төвд гал гарч, түрээслэгчдийн бараа шатсан билээ. Дөрвөн сарын өмнө болсон энэ хэргээс түрээслэгчид одоо болтол хохирлоо барагдуулж чадаагүй байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр түрээслэгч Ц.Золжаргал “2016 онд хийсэн гэрээгээр өглөөний 08:00-20:00 цаг хүртэл эд бараагаа алдвал түрээслэгчид, оройны 09:00-22:00 цагийн хооронд эд бараагаа алдвал түрээслүүлэгч компани бүрэн хариуцна гэсэн заалттай юм билээ. Гэсэн хэдий ч одоо хохирлыг минь барагдуулж өгөхгүй байна. Би 60 гаруй сая төгрөгийн хохиролтой. Хамгийн бага нь 20 саяас 100 гаруй сая төгрөгийн хохиролтой, нийт 36 хүн байна. Бид нэг ч төгрөг авч чадаагүй байна. Өгөхгүй ч үгүй, уулзах ч үгүй байна. Энэ хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Гэтэл хохирлыг маань өгөхгүй, үгүйсгэсэн байдалтай харьцаад байна. Бид банкны зээлтэй, өнөө маргаашийн хоолгүй шахуу болчихоод байгаа. “Well mart” худалдааны төвийн хохирогчдын хохирлыг хурдан барагдуулж өгөөч” гэв.

Түрээслэгч Т.Нэргүй “Өмнө нь 2013 онд ус алдаад их хэмжээний хохирол бидэнд учирсан. Бараа таваар норсон болохоор бид хохирлоо нэхэмжлээгүй, чимээгүй өнгөрсөн. Гал гарсан нь хоёр дахь тохиолдол. Бид дахин дахин хохирч байна. Надад 50 мянган төгрөгийн 70 ширхэг гуталны 3.5 сая төгрөг өгье гэсэн. Манайх хоёр нэр төрлийн бараа зардаг. Би тэр мөнгөөр яаж тэр том талбайгаа дүүргэх вэ. Лангуу тохижуулахад л орох мөнгийг өгнө гэж надад хэлсэн. Энэ байж боломгүй. Биднийг үнэхээр дорд үзэж, доромжилж байна” гэлээ.

Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба галын улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ нь 800 орчим сая төгрөг болоод байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ