Сингапурт 30 хүртэлх хоног визгүй зорчино


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцов. Ингэснээр хоёр орны иргэд энэ оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болж байна гэж Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн манай улсад 2016 оны долоодугаар сард айлчилж байсан. Энэ үеэр “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрч байсан нь одоо албан ёсны болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ