Аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ. Зургадугаар сарын 3,4-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах уг үзэсгэлэн нь дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой. Үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилна.
Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, “Юнител” компани оролцоно. “Юнител” компани Сүхбаатарын талбайд өндөр хурдын интернэт тавих юм байна.Мөн дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч, аяллын хувцас, хэрэгслүүдийн хямдралтай худалдаа зохион байгуулагдана. Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ