Сонсголонгийн 289 метр гүүрийн шав тавих ёслол боллоо

sonsgolon guurНийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр түүний нэг “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрний шав тавих ёслол боллоо. Ийнхүү энэ хавар Улаанбаатар хотод өрнөх дөрвөн томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна.

Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрний зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм.

sonsgolon guurНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Одоо ашиглагдаж байгаа гүүрнүүд нь насжилт нь 50 жил хол давсан. Урсгал болон их засвар хангалттай сайн хийгдээгүй байсан. Тиймээс шинээр барих ажлуудыг жинтэй эхлүүлж байна. Тухайлбал, Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн барьснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөд онцгой ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн хоёр эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй дөрвөн эгнээ гүүр бий болно” хэмээлээ.

Төслийн нарийвчилсан зэрг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ