GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг аяныг өрнүүлж эхэллээ

Монгол Ньюс мэдээллийн төвд өнөөдөр GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал болон Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо, Монголын Залуучуудын холбоо, Монголын хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг, Монголын Скаутын холбоо зэрэг ТББ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд GUYS хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал “Би хар тамхины хэргээр 2016 оны аравдугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон. Монгол Улсын шүүх энэрэнгүй зарчмаараа намайг хар тамхитай тэмцэж, хүүхэд залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт өгч, энэ чиглэлээр идэвхитэй ажиллаарай хэмээн итгэл үзүүлж, миний хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн. Би одоо ялаа эдэлж яваа. Хар тамхи гэдэг зүйлийг сөрөг талаас нь ярих юм бол сурталчилгаа болох аюултай. Тийм учраас би өнгөрсөн хугацаанд бодож төлөвлөсний үндсэн дээр, Монгол Улсын шүүхийн өмнө хэлсэн амлалтаа биелүүлж хар тамхитай тэмцэх хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Энэхүү санал санаачилга, хүсэлтийг минь хүлээн авч өнөөдөр надтай хамт олон төрийн бус байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор нөлөө үзүүлж, аюулын харанга дэлдэж байгаа цагаан тахал болох мансууруулах бодисын эсрэг “Хар тамхины эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэсэн аяныг миний бие санаачлан, зохион байгуулах гэж байгаагаа илэрхийлж байна. Жил бүрийн зургадугаар сарын 26-нд Хар тамхитай тэмцэх дэлхий нийтийн өдөр болдог. Тиймээс өнөөдрөөс буюу энэ сарын 5-наас зургадугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа тэмцэцгээе” гэсэн уриалгыг гаргаж байгаа юм” гэлээ.

Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийдтгэл эдэлж бөгөөд 12 хүн сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат “Бид бүхэн жил бүр уриалга дэвшүүлэн ажилладаг. 2017 онд“Нэмье” гэсэн уриалгыг дэвшүүлж, энэхүү уриалгынхаа хүрээнд сар бүр аяныг өрнүүлдэг. Нэмье гэдэг маань нийгмийн бүхий л салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Зургадугаар сарын 26-нд Дэлхий нийтээрээ хар тамхитай тэмцэх өдөр болдог бөгөөд энэхүү өдрийг угтан хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэх уриалгыг гаргаж байгаа Бат-Ундрах ахдаа баярлаж буйгаа залуучуудынхаа нэрийн өмнөөс хэлэхэд таатай байна. Иргэний нийгэм тэр дундаа залуучуудын байгууллага нийгмийн төлөө хэн нэгний санаачилсан уриалгыг дэмжин ажиллах учиртай. Тэр ч утгаараа Монголын Залуучуудын холбоо энэхүү санаачилгыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлж байна” гэв.

Манай улсын хувьд хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч бус харин идэвхтэй хэрэглэгч болж байгаа талаар албаныхан хэлдэг. Үүний нэг илрэл нь БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн орноос гэсэн гурван талт урсгалаар бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг ихэсч байгаа явдал юм. БНХАУ-аас ихэвчлэн афетамин, метафетамины төрлийн мөс, мансууруулах ургамлын гаралтай шавах, ОХУ-аас сэтгэцэд нөлөөлөх андате зэрэг эм хууль бусаар нийлүүлэх болжээ.

Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийдтгэл эдэлж байгаа бөгөөд 12 хүн сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчдын тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс цагаан тахал хэмээх энэхүү хорт бодисоос Монголын нийгмийг, ирээдүй хойч болсон залуучуудаа хамгаалахын тулд энэхүү аяныг эхлүүлж байгаа гэдгийг санаачлагчид энэ үеэр онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ