Захиралдаа зодуулсан хэмээн цагдаад хандсан бүсгүй амиа хорложээ

Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 5-ны өдөр 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, талийгаач бүсгүй Нарны хорооллын ...р байрны 16-р давхараас даваа гаригийн орой 16:00 цагийн үед унаж амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
-ЗАХИРАЛ НЬ ЗОДООГҮЙ ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ-
Амиа хорлолт бүхэн цаанаа ямар нэг учир шалтгаантай байдаг. Тиймээс энэ бүсгүй юуны учир амиа хорлох болсныг тодруулахыг зорилоо. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тухайн бүсгүй Нарны хороололд бус Хан-Уул дүүрэгт амьдардаг нэгэн байжээ.
Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн байна. Цагдаагийн байгууллага түүний гомдлыг шалгах явцад ийн амиа хорлосон гэх мэдээлэл бидэнд олдлоо. Тэрбээр их сургуулиа төгсөөд “И” гэх компанийн ерөнхий захирлын туслахаар ажилд ороод удаагүй байжээ.
Түүний ажиллаж байсан “И” гэх компанийн ерөнхий захирал цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Би огт зодоогүй. Талийгаач бүсгүй 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадна хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн аж.
Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэсээс камерын бичлэг шүүж, шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж буй юм. Одоогоор амиа алдсан бүсгүйг захирал нь зодсон уу, эсвэл өөр хүнд зодуулсан уу гэдэг тодорхой болоогүй байна. Албан бус эх сурвалж “Захиралдаа зодуулсан хэмээн цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгснөөсөө болж айсандаа амиа хорлосон байж болзошгүй” гэх мэдээлэл өгч байна. Хэргийн учир шалтгааныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно.
-БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙХЭЭС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА-
Хаврын улиралтай холбоотой юу ямартаа ч сүүлийн үед амиа хорлох, хорлохоор завдах үзэгдэл нэмэгдэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн онцгой байдлын газраас авсан мэдээллээр он гарснаас хойш 16 хүн амиа хорлохыг завдсаныг аврагчид авран хамгаалжээ. Тэдний 13 нь насанд хүрсэн хүн байсан бол гурав нь хүүхэд байсан аж.
Амиа хорлож нас барсан хүний талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагаас ихээхэн нууцалдаг тул тоо баримт хэлэх боломжгүй юм. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдээ, багш сурган хүмүүжүүлэгчид шавь нараа, хүүхэд залуус та бүхэн найз нөхдөө хаана, юу хийж яваад байнга анхаарал хандуулж, энэ мэт золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж буйг энэхүү мэдээллээр дамжуулан уламжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ