Х.Баттулга: Улс эх орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй түүхэн цаг үе ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын иргэд, сонгогчидтой хийх уулзалт Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж, эх орны зүүн хязгаар Дорнод аймагт үргэлжилж байна. Зуны эхэн сарын нялх ногооны униарт зэрэглээтэн үзэгдэх Дорнод Монголын уудам талд тэртээ 76 жилийн өмнөх дайн тулааны шарх сорви одоо ч тод томруун үзэгдэнэ. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тулалдаж явсан эцэг өвгөдийнхөө алдрыг хөшөө болгон сүндэрлүүлсэн дорнодчууд Х.Баттулгыг “эх оронч нэр дэвшигч” хэмээн хүндэтгэл дүүрэн хүлээж авсан юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нэр дэвшигч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, П.Алтангэрэл тэргүүтэй албаны хүмүүс Монгол, Зөвлөлтийн дайчид хийгээд маршал Х.Чойбалсангийн морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дээр Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн эмч, багш тэргүүтэй төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.

Нэр дэвшигч Х.Баттулга аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн бөгөөд дорнодчууд нэр дэвшигч Х.Баттулгаас сонирхсон асуултдаа хариу авч, сонгуульт ажилд нь амжилт хүсч байв. Тэрээр уулзалтын үеэр “Дорнод нутгийнхан эх орныхоо тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан дайчин баатарлаг хүмүүс. 1939 оны Халх голын байлдаан зарим түүхчийн ярьдаг шиг зүгээр нэг хилийн мөргөлдөөн, тулгаралт байгаагүй ээ. Дэлхийн II дайны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэсэн бүс нутаг. Энэ ч утгаараа одоо ч гэсэн үнэ цэнэтэй байх ёстой.

Та бүхний халуун итгэл тууштай дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантрахгүй байж чадна гэдгээ андгайлъя. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол улс эх орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй түүхэн цаг үед авчирлаа. Туурга тусгаар, эрх чөлөөт улсын иргэд байх уу эсвэл 27 жилийн өмнөх гашуун түүхийг давтсан, бусдаас эдийн засаг, улс төрийн хэт хамааралтай дагуул улсын гачлант иргэд байх уу гэдгийг шийдэх хүнд хэцүү сонголтын цаг ирээд байна.

Мөн бид Тамсаг булагийн нефтийн ордыг нээж анхны Ерөнхийлөгч маань газрын тосоор энгэрээ мялаан бэлгэшээж буй дүр зураг олны сэтгэлд үлдсэн тэр өдрөөс хойш ямар үйл явдал болж өнгөрснийг санах ёстой. Мэнэнгийн тал ямар болсныг үзсэн харсан хүн бүр шогшрон харуусдаг.

Гэтэл энэ бүхнийг өөрчлөх, таслан зогсоох талаар хэн ч дорвитой ажил хийж байсангүй. Эрх мэдэл, мөнгөний бүлэглэл ямар хүчтэй байдгийг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа би тодорхой ойлгосон. 2011 оны дөрөвдүгээр сард түүхий нефть зөөхийг зогсоох шийдвэрийг миний бие гаргаж байсан.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг УИХ-ын 76 гишүүн хэлэлцэж 2010 оны зургадугаар сарын 25-нд баталсан. Уг шийдвэрийг ажил хэрэг болгож нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат өнөөгийн эдийн засгийн тогтолцоог өөрчлөхөд чиглэсэн энэ бодлогыг ажил хэрэг болгож шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгохоор энэ нутагт хөрс хуулалтын ажлыг 2011 оны тавдугаар сарын 14-нд эхлүүлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүдийн эсэргүүцэлтэй тулж, зогсонги байдалд ороод өнөөдрийг хүрлээ.

Зам дагаж хөгжил ирдэг гэж бид хэлдэг. Хөгжлийг түүчээлсэн засмал зам Өндөрхаан хотоос Чойбалсанд ирүүлэх зураг төслийг 2009 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тухайн үеийн ЗТБХБ-ын сайд миний бие удирдан хийлгэж байлаа.Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харж нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон олон аймгуудад ажиллаж, сонгогчидтойгоо уулзаж байна. Би энд онгоцоор биш машинаар ирлээ. Хэдхэн цаг давхиад ороод ирлээ” хэмээн онцлон дурдсан юм.

Ингээд иргэд, сонгогчдын зүгээс нэр дэвшигч Х.Баттулгад тавьсан асуулт болоод дайж хэлсэн үгсийг тоймлон хүргэе.

Г.Сугармаа: Эх оронч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн

Миний бие 1989 онд ардчиллын салхитай хамт Дорнод аймгийн эд эс, үр үндэс нь болж мэндэлсэн мянга мянган залуусын нэг. 2011 онд МУИС-ийг байгаль орчны чиглэлээр дүүргээд Дорнод нутагтаа ажиллаж, амьдрах итгэл сэтгэл өвөрлөж ирсэн.

Харамсалтай нь, тухайн үеийн Дорнод аймаг залуу хүнд төдийлэн ээлгүй, төсөөлснөөс минь огт өөр газар байв. 2000 оноос хойш ардчиллын үйл хэрэг тасарч, залуус нь ажилгүй, орлогогүй, байгаль экологи нь сүйдсэн, тонуулсан байдалтай угтсан. Гэхдээ би энэ байдлаас зугтаагүй. Харин ч өөрчлөхийг хүсч нутагтаа үлдсэн. Нэр дэвшигч Баттулгыг эх орноо гэсэн сэтгэлтэй нэгэн учир дэмжиж байгаа билээ. Залуус бид ч эх орноо хайрлан хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, залуусыг бодитоор дэмжиж чадах эх оронч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байна.

С.Лхагважав: “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” хэмээн дуудна гэдэгтээ итгэлтэй байна

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан

Миний бие энэ жил анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгч, сонгох эрхээ эдэлнэ. Миний үеийн залуусын хувьд улс төрийн намын гишүүн байна гэдэг тийм ч таатай зүйл биш. Гэхдээ оюутан залуус гэдэг аль ч нийгмийн түүчээ, нүүр царай, улс орны эрх ашигтай холбоотой аливаа асуудалд оройлон оролцох учиртай хамгийн идэвхтэй бүлэг байдаг. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Баттулгыг дэмжиж болох нэг шалтгааныг мөрийн хөтөлбөрөөс нь уншлаа.

Би өөрөө оюутан учир залуу хүний жаргал зовлонг нь сайн мэднэ. Оюутан залуус хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, амьжиргаагаа залгуулах хүсэл эрмэлзэл их байдаг ч тэр бүр ажил олддоггүй ээ. Олдсон ч үнэлэмж муутай байдаг. Өчнөөн сургалтын төлбөр авчихаад дахиад эцэг эхээрээ тэжээлгэнэ гэдэг ичгэвтэр санагддаг. Харин нэр дэвшигч Баттулгын мөрийн хөтөлбөрт эл асуудлыг онцгойлон авч үзэж, цогцоор нь шийдэх гаргалгаа хийсэн нь их таалагдлаа. Энэ хүн бидний адил эгэл бор амьдралаас энэ хүртэл өсч өндийсэн бизнесмэн, улстөрч учир оюутан залуусыг, жаргал зовлонг ч сайн мэднэ гэж бодож байна. “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөртэй нь ч танилцсан.

Хэрэв биеллээ олбол залуус бидэнд маш том хөрөнгө оруулалт болох гайхалтай төсөл санагдсан. Энэ бүхнийг худлаа амлалт гэж бодохгүй байна. Яагаад гэвэл Х.Баттулга гэж хүн хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй нэгэн. Одоо бид “нэр дэвшигч Халтмаагийн Баттулга” гэж дуудаж байгаа ч сар хүрэхгүй хугацааны дараа “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” хэмээн дуудна гэдэгтээ итгэлтэй байна. Үүний төлөө ч санаалаа өгнө.

Ш.Пүрэвсүрэн: Эх оронч нэр дэвшигдээ төрийн жолоо атгуулъя

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн, МоАХ-ны анхдагч гишүүн

Ардчилсан хувьсгал өрнөсөн он жилүүдэд миний бие Дорнод нугтагтаа ажиллаж, амьдарч ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилдаа хүчин зүтгэж явсан. Гурван нэр дэвшигчийн хэнтэй нь ч уулзан учирч байсангүй. Гэхдээ би Баттулга гэж хүнийг дэмжиж, фэйсбүүк хуудас ажиллуулдаг. Яагаад Баттулга гэж гайхах хүн олон байдаг. Насаараа багшилсан хүний хувьд хүн таних мэргэжлийн онцлогтой болсон гэж болно.

Өнгөрсөн хугацаанд хэн нь хэн юм гэдгийг та бүхэн ч харлаа. Надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Нэгдүгээрт, энэ хүнийг би эх оронч гэдгээр нь үнэлдэг, дэмждэг. Хоёрдугаарт, хөдөлмөрч, тууштай зан чанарыг нь сайшаадаг. Хэлсэн шигээ хийж бүтээж чаддаг, эх орноо өмгөөлж, хамгаалж чаддаг. Тиймдээ ч эх оронч хүнд төрийн жолоо атгуулъя хэмээн дорнодчууд та бүхэндээ уриалмаар байна. Одоо л энэ хүнийг дэмжиж гаргахгүй бол оройтох болов уу гэж айж, эмээж байна.

Д.Болат: Эх нутагтаа эзэн шиг эзэн байхыг хүсч байна

Чулуунхороот сумын иргэн

Дорнодын залуучууд бидэнд нэг л зүйл үнэхээр эмгэнэлтэй байна. Баян, ядуу хэн ч бай монгол хүн бүр эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө цусаа урсгаж, амиа өргөсөн эцэг өвгөд шигээ энэ хөрс шороондоо л шингэнэ. Гэхдээ амьд явах ганцхан насандаа эх орондоо эзэн шиг нь эзэн баймаар байна. Гадаадын ажилчид эх нутагт минь эзэн суужээ. Тиймээс залуустаа уриалахад тусгаар тогтнолоо хамгаалж чадах зүрх зориг, итгэл сэтгэл өвөрлөсөн хүнээ сонгоё.

Д.Сүхбаатар: Ажлын байрны асуудалд анхаарч ажиллахыг хүсье

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн

Нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Хараад байхад бусад нэр дэвшигчийнхээс илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, өнөөгийн улс орны эрх ашиг, эдийн засагт тулгамдсан асуудлыг бодитоор харж, гарах гарц, арга чаргатай нь тусгасан санагдлаа.

Миний бие их хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг боловсрол гэхээс илүү хүнийг нь харж, мөрийн хөтөлбөрийг нь анхааралтай уншиж танилцдаг. Ихэвчлэн хий хоосон, жаахан хүүхэд чихрээр хуурч байгаа мэт агаарын мөрийн хөтөлбөр үзүүлдэг. Энэ удаад Х.Баттулгын мөрийн хөтөлбөр илүү бодитой, хэрэгжих бүрэн боломжтой байгаад талархаж байна. Ингээд өөрийг тань Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, мөрийн хөтөлбөрөө, элдэв төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.

Түүнчлэн, өнөөдөр манай аймагт гурван ч ашигт малтмалын орд газар ажиллаж байна. Тэнд монгол гэхээсээ хятад хүн ажиллах нь их байна. Монгол залуус мэргэжилтэй, боловсролтой байв ч ажил олдохгүй байна. Худалч хүнд төрж өссөн буйран дээрээ байж хятад хүнээс айдаг боллоо. Эх оронч хүний хувьд энэ асуудалд дорвитой анхаараарай. Ялангуяа ажлын байрны асуудал. Хятадууд ажиллах уу, монголчууд ажиллах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.

Иргэд сонгогчид сонирхсон асуултаа асууж, амжилт хүссэний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга товч хариулт өгсөн юм.

Тэрээр “За та бүхний асууж байгаа асуултуудын хариулт миний мөрийн хөтөлбөрт тэр чигтээ шингэсэн байгаа. Хоёрдугаар багийн иргэн Чулуун гэдэг хүн 25 жил хилээ манаад, тэтгэвртээ гарсан. Одоо ажил олдохгүй байна, нас заачихаад байдаг гэж ярьсан. Тэгвэл би мөрийн хөтөлбөртөө ахмад настны хөдөлмөр эрхлэх боломжийг сайн дурын үндсэн дээр сонголтоор бий болгоно хэмээн тусгаж өгсөн. Мөн оюутан Энхсолонго сургуулиа дөнгөж төгссөн залуучуудад ажил олддоггүй, яах ёстой вэ гэж асууж байна. Тэгвэл оюутнуудын цагийн ажлын системийг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Дорнод аймагт Мардай, Тамсаг тэргүүтэй гурван том орд байдаг. Энэ ордуудад монгол хүн ажилладаггүй гэдэг асуудлыг цөөнгүй хүн асууж, хөндөж байна. Миний л яриад байдаг асуудал байна. Энэ талаар асуудал тавихаар гэрээ хийчихсэн байдаг юм. Тийм болохоор гэрээг нь өөрчилж болдоггүй гэдэг үгээр ам хаадаг. Гэхдээ ийм зүйл байж таарахгүй. Үндсэн хуулиндаа бид газрын доорх баялаг ард түмний мэдлийнх гээд заагаад өгчихсөн биз дээ. Тийм учраас байгалийн баялгийг авахдаа ард түмнээс асуух. Тухайн аймаг, орон нутгийн иргэдтэй хэлэлцэж, зөвшөөрөл авдаг байх ёстой.

Дорнод аймгаас газрын тос, баялгийг нь авч байгаа бол энэ орон нутагт олсон ашгийнхаа 30 хувийг үлдээж байх хэрэгтэй юм. Бусад оронд тэгдэг. Ийм байдлаар гэрээнд өөрчлөлт оруулах зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Түрүүнд нэг залуу гаднаас оруулж ирж байгаа ажиллах хүчний квотын асуудлыг хөндсөн. Уг нь бол тодорхой квот байдаг. Гэвчавлигын шинжтэйгээр квотыг нэмээд, тооны хязгаар нь хэтэрчихээд байгаа юм. Тийм болохоор хаанаас, хэн орж байгааг бүртгэх бүртгэлийн механизмаа сайжруулах цаг болсон.

Энэ мэт зүйлсийг бүгдийг нь би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ерөөсөө л бидний яриад байгаа бүхэн, дэвшүүлж буй уриа монгол хүн Монголынхоо газар шороон дээр үнэ цэнэтэй болгохын төлөө л чиглэсэн. Энэ бүхэн та нарын санал, хүсэлттэй нэг байна” хэмээн хариуллаа.

С.Эрдэнэ: 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, М.Энхболд тэргүүтэй хүмүүсийн хоолой мөн гэдгийг тогтоосон

Түүний дарааиргэдээс бичгээр ирсэн асуултад АН-ын дарга С.Эрдэнэ хариулав. Дорнод аймгийн цөөнгүй иргэн МАН-ын удирдлагуудын албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж буй бичлэг үнэн бодитой эсэхийг асуусан юм. Тэгвэл С.Эрдэнэ дарга “60 тэрбум босгох асуудлыг амьд, бодит хүмүүс хоорондоо ярьсныг бичээд, нийгэмд сошиалаар цацаж байгаа юм. Энэ асуудлыг шалгах хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Өмнө нь тэд энэ бичлэгийг эвлүүлэг гэсэн тайлбар хийсэн.

Гэтэл одоо бүтэн 90 минутын бичлэг бидэнд ирсэн. Түүнийг нь хууль хяналтын байгууллагад өгсөн. 60 тэрбум төгрөгийг яаж босгох уу. Санал хураалтын хар машиныг яаж хакердах уу. Тэр ч битгий хэл эрүүгийн элементүүдийг сонгуульд яаж ашиглах уу гээд бүхий л арга технологио ярьсан гурван хүний хоорондын яриа байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, МАН-ын гишүүн Ганбаатар гэсэн гурван хүн юу хийж, яаж сонгуулийг луйвардах уу гэдгээ ярьсан 90 минутын бичлэгийг хийсэн залуу эх оронч сэтгэлгээгээрээ АН-д өгсөн юм.

Энэ бичлэг бол бодит, ямар ч эвлүүлэг биш. ХЗҮХ-гоор бичлэгт байгаа хүмүүсийн дуу хоолой жинхэнэ эсэхийг тогтоолгосон. Тэгэхэд М.Энхболд, Ц.Сандуй тэргүүтэй хүмүүсийн хоолой мөн байна гэж тогтоож, баталж өгсөн. Дахин нотлогдоно гэдэгт итгэлтэй байгаа.





Эх сурвалж: Ulsturch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ