МҮАН М.Энхболдыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн “Монгол гэр-монгол төр” мөрийн хөтөлбөрийн бодлого, үзэл баримтлалыг дэмжиж буйгаа МҮАН-ынхан илэрхийллээ. Үүний илэрхийлэл болгож МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус намын дарга Б.Цогтгэрэл дэмжиж буй таван үндэслэлээ тайлбарласан юм.

Тэрбээр “Төр юуны өмнө тогтвортой ажиллах ёстой. Хоёрдугаарт, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн “Эвтэй Монгол, Ээлтэй төр” мөрийн хөтөлбөр нь нийгмийн бүхий л салбарыг хамарсан цэгцтэй цогц хөтөлбөр болсон, хэрэгжих бүрэн үндэслэлтэй учраас бид дэмжиж байна. Гуравдугаарт, МАН УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхи болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүрэн хариуцлагыг энэ намд үүрүүлэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэг мөр болгож шийдэх учиртай. Дөрөвдүгээрт, ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар хямралыг даван туулах боломж бүрдэнэ гэжхарж байна. Тавдугаарт, М.Энхболд нийслэл хэмээх их айлыг удирдаж, төрийн албанд анхан шатнаас нь эхлэн ажиллаж, хариуцлага өндөр албанд дэвшиж өгсөж ирсэн туршлагатай, бэлтгэгдсэн хүн. Улс төрийн ууган намыг хоёр удаа удирдаж байгаа. Бүс нутаг болон дэлхийн төвшинд улс орноо төлөөлж чадах төрийн тэргүүн байж чадна гэж бид үнэлж байна” гэв.

Дашрамд дурдахад, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг иргэний нийгмийн 60 гаруй байгууллага дэмжин ажиллахаа өмнө нь илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ