Н.Энхбаяр: Хэзээ ч тасрахгүй шөрмөс бол Сайнхүүгийн Ганбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар Монгол Улсын гурав дахь их хот,аж үйлдвэрийн томоохон төв болсон Эрдэнэт хотноо ажиллаж иргэд хөдөлмөрчидтэйуулзаж санаа бодлыг нь сонсож өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар Эрдэнэт хотын иргэдэд хандаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдвол улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах асуудлыг эцэслэж, тодорхой хэсгийг Эрдэнэтийн иргэдэд эзэмшүүлэх хууль эрх зүйн үндсийг тавих болно гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, “Эрдэнэт хот нь аялал жуулчлал, соёлын томоохон төв болж хөгжих бүрэн боломжтой. Ийм гарц бидэнд байна. Энэ гарц бол энэ хотын эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх улстөрийн байр суурь юм. Миний жанжин шугам бол Эрдэнэт хотын талд, эрдэнэт хүний талд зогсох юм” гэсэн нь Эрдэнэт хотын иргэдийн талархлыг хүлээсэн юм.



Нэр дэвшигч С.Ганбаатар цааш нь ярихдаа, “Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хоёрыг салгаж ойлгож болохгүй. Энэ бол нэг цул ойлголт. Энд баялаг бүтээгддэг. Баялагийг Эрдэнэтчүүд бүтээдэг. Аль нэг улстөр, бизнесийн бүлэглэл нийлж энэ үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан нь хууль бус үйлдэл. Юу тэгвэл хууль ёсных болох юм бэ. Ямар хувилбар шударга байх вэ. Энэ талаар би та бүхэнтэйгээ би саналаа солилцох гэж хүрэлцэн ирлээ. Энэ бол энэ хотын хувь заяаг шийдсэн шийдэл байх ёстой. Эрдэнэтчүүд эндээ хувьтай, эндээ ажилтай байвал энэ нь шударга явдал. Эрдэнэтчүүд бол хөдөлмөрч хүмүүс. Эрдэнэтчүүдийн хөдөлмөрөөр манай улсын төсөвт томоохон орлого төвлөрдөг.

Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан хүмүүс энэ тухай бодоогүй. Тэд энэ хотын тухай бодохыг ч хүсээгүй. Эрдэнэтчүүдийн тухай эхэлж бодоогүй нь тэдний хамгийн том алдаа байсан. Тэд авахаа л бодож байсан. Энд бодлогын хувьд алдаа хийсэн.

Ийм бодлогын алдааны том жишээ болсон Рио Тинто компани. Тэд өмнийн говьд кээмп барин хүмүүсийг ажиллуулж байна. Тэд ашгаа аваад дуусахаар хэдэн майхнаа хурааж аваад алга болно. Харин Эрдэнэт хотод, бүтээн байгуулалт, амьдрал, хөгжил цэцэглэлт үргэлж орших болно. Эрх баригчид монгол хүний тухай нэгдүгээрт бодсон бол Өмнөговьд хот босож болох байлаа.

Маршал Х.Чойбалсан эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж байсан учраас бид тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан юм. Маршал Ю.Цэдэнбал монгол улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадсан учраас 1978 онд ЗХУ-тай гэрээ байгуулж Эрдэнэт үйлдвэр маань хот болж хөгжсөн юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадсан учраас их өрийг тэглэж Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс эзэмшиж эхэлсэн юм. Харин би та бүхнийхээ дэмжлэгээр тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах асуудлыг эцэслэж, тодорхой хэсгийг Эрдэнэтийн иргэдэд эзэмшүүлэх хууль эрх зүйн үндсийг тавих болно.

Бидэнд гарц байна. Нэгдүгээрт хүнээ гэсэн бодлого, жанжин шугамаа тунхаглаж байна. Оюутолгой, Тавантолгой, монгол хүнд чиглэгдэх ёстой жанжин шугам алдагдсан учраас би тэмцэж, шатаж, бачуурч явдаг юм. Эрдэнэтийн 49 хувь Эрдэнэт хотын иргэдэд очих ёстой. Энэ бол шударга шийдэл гэдэгтэй хэн ч маргаж чадахгүй. Энэ хотын инээмсэглэл нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой. Эрдэнэт нь хотын статустай болж, эдийн засгийн хувьд Улаанбаатартай уралдан хөгжихийг би хүсэж байна. Бид цөмөөрөө үүнийг хүсэж байгаа” гэлээ.



Харин үүний дараа “Амарын талбай”-д цугларсан Эрдэнэт хотын иргэдэд хандаж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үгээ хэлсэн бөгөөд тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтийн иргэд та бүхэн хүнд хэцүү хямралтай цаг үед монголыг тэжээсэн, монголыг өлсгөөгүй. Тийм учраас та бүхэндмонголчууд бүгдээрээ бид бүгдээрээ баярлалаа гэж хэлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байгааг хүлээн авна уу.

-Эрдэнэтчүүд Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилж байна. Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа туйлын баяртай байна.

Эрдэнэт бол загвар үйлдвэр. Эрдэнэт бол загвар хот. Энэ үйлдвэрийг дагаж хот байгуулагдсан. Гэтэл эрдэнэтээс дутуугүй, баялагаараа илүү Оюутолгой ордыг дагаж өнөөдөр юу ч босохгүй байна. Тэнд түр зуур хэдэн майхан босгож, тэнд түр зуур хэдэн монгол гэр барьсан байна. Яагаад вэ гэхээр тэнд ажиллаж байгаа гадаадынхан, “Оюутолгойд хот байгуулах нь ашиггүй, оюутолгойгоос авдаг аа аваад майхнаа буулгаад яваад өгнөө” гэж хэлж байгаа.

Энэ утгаараа Оюутолгой Эрдэнэт хоёрыг харьцуулах юм бол ямаа, тэмээ хоёрыг харьцуулсантай адилхан болно. Эрдэнэт бол өгөөжөөрөө тэмээ, Оюутолгой бол ямаа.Тэнд нуугдсан хулгайгаараа Оюутолгой тэмээ. Эрдэнэт үйлдвэр өгөөжөөрөө тэмээ хэдий ч харамсалтай нь сүүлийн үед энд илрээд байгаа хулгайгаараа тэмээ болох гээд байна.

Та бүхэн санаж байгаа бол Эрдэнэтийн 51 хувийг тухайн үеийн МАН-ын дарга С.Баяр өөрийнхөө найз нөхөдтэй хамтарч гадаадын банкинд барьцаалж байгаад зээл авчихсан. Одоо энэ луйвар булхай нь мэдэгдэж, илэрч, гадаадын шүүхээр тогтоогдож байна. Энэ бол МАН-ын хийсэн луйвар булхай. Тиймээс энд нуугдаж байгаа луйвар тэмээтэй адилхан болох гээд байна гэж би хэлж байгаа юм.

Гэтэл АН яасан юм. Шударга ажилласан уу. Үгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэтийн 49 хувийг бас л луйвардчихсан. Улсын мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах луйврыг хийсэн. Харин үүнийг нь МАН-ын зарим гишүүд илрүүлж УИХ дээр зүтгүүлсээр байгаад 49 хувийг төрд буцааж авах ёстой гэсэн УИХ-ын тогтоол гаргуулсан. Харин одоо тэр тогтоол хэрэгжихгүй байгаа. Учир нь М.Энхболд, Х.Баттулга хоёрын хэн нь ч сонгогдсон 49 хувийг ХХБ-нд эргүүлж өгөх ийм нууц гэрээ хийгдсэн байж болзошгүй гэж бид хардаж байгаа юм.

Төрд өмчөө булаалгасан гэх тэдгээр хүмүүс яагаад өнөөдөр өрөөнөөсөө гарахгүй байгаа юм бэ. Тэд үнэн хэрэгтээ сонгуулийн үр дүнг хүлээгээд байгаа юм. Тэдний уралдуулж буй хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялалт байгуулсан тэд луйврын 49 хувиа эргүүлж авах болно. Үүний эсрэг зогсож байгаа хүн бол С.Ганбаатар юм.



Би Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбал даргынхаа ухааныг биширч байсан. Яагаад гэвэл Ю.Цэдэнбал дарга Брежнев даргатай 1978 онд гэрээ байгуулж байхдаа Эрдэнэт үйлдвэрийг ашиглахын тулд тухайн үеийн ЗХУ-аас хөрөнгө оруулалт оруулаач, энд бүхэл бүтэн хот байгуулаач гэдэг шаардлага, хүсэлт тавьсаны үндсэн дээр өнөөдрийн энэ Эрдэнэт хот сүндэрлэн боссон юм. Гэхдээ тэр гэрээн дотор маш чухал нэг заалтыг тусгаж өгсөн байсан. Тэр үед гэрээнд “51 хувь нь ЗХУ-ынх, 49 хувь нь монголынх” гэж бичсэн байсан. Гэхдээ 1978 оноос хойш 25 жил өнгөрсөний дараа хэрэв монголчууд өөрсдөө хүсвэл 51 хувийг монголын талд өгч болно гэдэг заалтыг бас давхар тусгасан байсан юм.

Тэрийг бид сайн мэдэж байсан учраас би Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ багаа толгойлж очоод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж гэрээ хийж, тэр заалтыг ашиглаж зөвхөн их өрийн асуудлыг шийдүүлээд зогсохгүй, Эрдэнэтийн 51 хувийг монголын талд албан ёсны болгож авсан юм аа. Гэтэл тэгж хүнд хэцүү хэлцэл хийж авч ирсэн 51 хувийг С.Баяр ба түүний нөхдүүд намайг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унагаж байгаад дараахан нь 51 хувийг барьцаалаад зээл авчихсан. Үүнээс болж өнөөдөр эрдэнэтийн 51 хувь эргэлзээтэй болчихсон явж байгаа. Энэ луйврыг бид илчлэх гэж явж байгаа юм. Энэ луйврыг илчлэх гэхээр намайг шоронд хийдэг, энэ луйврыг илчлэх гэхээр намайг сонгуульд өрсөлдүүлдэггүй. Өнөөдөр монголд шоронд орох ёстой нь саарал ордонд, саарал ордонд байх ёстой нь шоронд байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлэх нь зүйтэй.

Одоо энэ байдлыг засах хэрэгтэй. Монголчууд бид ийм элэг бариулсан байдалтай амьдарч болохгүй. МАН-ынхан ч гараад 51 хувийг нь луйвардаад байдаг. АН-ынхан ч гарч ирээд 49 хувийг нь луйвардаад байдаг. Эрдэнэт дээр ийм том луйвар өрнөж байгаа юм чинь Оюутолгой дээр ямар луйвар өрнөж байгаа нь тодорхой.

2009 онд С.Баяр гарын үсэг зурж, Ц.Элбэгдорж дэмжсэн Оюутолгойн гэрээ гэж юу юм бэ. Энэ баялагийн 34 хувийг л монголчууд бид эзэмшинэ. Энэ 34 хувийг цаашид хэзээ ч нэмэхгүй. Дандаа 34 хувиараа байна. Энэ 34 хувийг өр гэж бичнэ. Энэ утгаараа монголчуудын өр нэмэгдэж байгаа.

Өөрийнхөө баялагийг өөр хүнд өгөөд өртэй үлдэж байгаа. Ийм утгагүй гэрээг тэд хийсэн. Түүнийгээ өнөөдөр С.Баяр “Миний бахархал” гэж ярьж байна. Энэ гэрээний дагуу зөвхөн 34 хувийг өр болгож гэрээндээ бичихээс гадна монголчууд Оюутолгойн ноогдол ашгаас өөртөө өөрт оногдох ашгаа 2038 оноос хойш авна. 2009 онд гэрээ байгуулаад 29 жил өнгөрсөний дараа дөнгөж эхний ноогдол ашгаа авч магадгүй гэсэн ийм гэрээг хийсэн. Ийм утгагүй гэрээг тэд хийсэн. Энэ 29 жил Оюутолгойгоос юу ч авахгүй гэсэн үг.

Тийм учраас Эрдэнэтийг Оюутолгойтой харьцуулах юм Эрдэнэт нь монголын ард түмэнд өгч байгаа ашгаараа тэмээ. Оюутолгой бол ямаа ч биш оготно гэж би хэлж байгаа юм.

Тэгвэл үүнийг бид бүгдээрээ яаж засах вэ. МАН-ыг сонгоод үзлээ. АН-ыг сонгоод үзлээ. Аль, аль нь чадсангүй. Гэхдээ МАН, АН гэж хэлэхээр энэ хоёр намын жирийн гишүүд эмзэглэж хүлээж авдгийг би ойлгож байгаа. Би тэдэндтэй маш ойр дотно харилцаатай байдаг. Би тэдэнд хайртай.

Харин МАН-ын толгойд гарчихсан С.Баяр, АН-ын толгойд гарчихсан Ц.Элбэгдорж мэтийн нөхдүүдтэй би учраа олдоггүй юм. Тэдний алдаа дутагдлыг би шүүмжилж, буруу юм хийж байгааг нь ярьдаг. Ингэхээр тэд нийлж байгаад 600 цагдаа аваачин намайг баривчилж шоронд хийдэг юм. Миний шөрмөсийг тасалдаг юм. Миний хоолойг боодог юм.

Яахав ээ, Н.Энхбаяр дахиад шөрмөсөө хадуулна. Ухаан алдсан байж байгаад ахиад сэргэнэ. Монголын ард түмнээ эргэж дурсана. Би монголынхоо ард түмнийг хараад сэргэдэг. Тийм учраас та бүхнийхээ дунд байх дуртай.



Би боддог. “Гарын шөрмөс тасрах нь юу ч биш. Харин шударга ёсны шөрмөс тасарвал аюултай” гэж. Тэгэхээр шөрмөс гэдэг бол зүгээр нэг шөрмөс биш. Шөрмөс адил хүмүүс монголд мааньбайна. Тэдний нэг нь, хэзээ ч тасрахгүй шөрмөс бол Сайнхүүгийн Ганбаатар гэж би хэлэх гэсэн юм.

С.Ганбаатарыг янз бүрээр таслах гэж их оролдсон. Боловсролгүй гэж. Тэгвэл боловсролтой С.Баяр, Ц.Элбэгдорж нар яагаад Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж гадаадын банкнаас зээл авч найз нөхөддөө өгч болдог юм. Боловсролтой С.Баяр, Ц.Элбэгдорж нар Оюутолгойгоос 29 жилийн дараа монголчууд ноогдол ашиг авах нөхцөлтэй тийм муу гэрээг хийдэг юм. Энэ тохиолдолд тэдэнд эх оронч сэтгэлийн боловсрол дутсан байна. Харин манай С.Ганбаатар миний мэдэхийн сүүлийн 10-аад жил Оюутолгойн гэрээг монголдоо ашигтай болгохын төлөө зүтгэж байгаа хүн. Боловсролтой хүн ингэж зүтгэдэг юм аа. Үүнийг би та бүхэндээ зориуд онцлон хэлж байгаа юм.

2012 онд намайг сонгуульд оруулаагүй. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээг С.Ганбаатартай нийлж бид засах гээд байсан учраас, Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавиулахгүй гэж зүтгэж байсан учраас намайг сонгуульд оролцуулаагүй. Ямар шалтгаанаар сонгуульд оруулаагүйюм гэж та бүхэн бодож байгаа байх. Боловсролгүй гэдэг шалтгаанаар. Эрдэнэтийн 51 хувийг монголдоо авч ирж байхдаа, их өрийн асуудлыг шийдэж байхдаа орос хэлээр В.Путин Ерөнхийлөгчтэй ярьж байхад Ерөнхийлөгч В.Путин намайг боловсролгүй гэж хэлээгүй. Харин “Та манай зарим оросуудаас илүү оросоор ярьж байна аа” гэж хэлж байсан.

С.Ганбаатар бид хоёр Оюутолгойн гэрээний асуудлыг англи хэлээр уншаад хоорондоо ярилцаж байхад С.Ганбаатар тэр англи хэл дээр бичигдсэн гэрээг маш сайн ойлгодог. Англиар бид хоёр заримдаа ярьдаг. Зарим нэр томъёог яаж монголоор орчуулж ард түмэндээ ойлгуулах вэ гэж ярилцдаг. Боловсролгүй хүн англи хэлээр гэрээ уншиж ард түмэндээ орчуулан хүргэдэг юм уу. Тийм учраас С.Ганбаатарын боловсрол хэнд ч гологдохгүй. Харин эх оронч сэтгэл нь тун ховорхон шүү.

МАХН-ын сонгуулийн төв штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ