М.ЭНХБОЛД: ТӨР ТҮШИЛЦЭХ ЗАМЫН МААНЬ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН БАЯНГОЛЧУУДЫНХАА ХҮНДЛЭЛИЙГ МАРТДАГГҮЙ


Одоогоос 12 жилийн өмнө Миеэгомбын Энхболд Баянгол дүүргийн иргэд, сонгогчдын итгэлийг тээн 65 дугаар тойргоос нэр дэвшиж, 78 хувийн санал аван УИХ-д анх удаа сонгогдож байсан түүхтэй. Энэ л гараанаас Миеэгомбын Энхболд УИХ-д өнөөдрийг хүртэл гурван ч удаа улиран сонгогдож, төр түмнийхээ итгэлийг дааж яваа нэгэн. Тиймээс ч Баянгол дүүргийнхэнд талархаж явдаг, дүүргийнхэн ч түүнд итгэдэг юм. Тэрбээр “Би та бүхнийхээ итгэлийг дааж улстөрд хөл тавьж байлаа. Төрийн эрх барих төв байгууллагад анх илгээж, төр түшилцэх замын маань эхлэлийг тавьсан Та бүхнийхээ хүндлэлийг би мартдаггүй. Та бүхэндээ үргэлж баярлаж, талархаж явдаг” гэсэн халуун дулаан үгээр уулзалтаа эхлүүллээ.
Баянгол дүүрэгбол нийслэл Улаанбаатар хотын анхны дөрвөн дүүргийн нэг, дүүрэг дотроосоо дүүрэг төрүүлсэн том айл. 50 жилийн түүхтэй, 60 шахам мянган айл өрх, 220 орчим мянган иргэнтэй өнөр бүл юм. Энэ өнөр бүлийнхэнд Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсныг баянголчууд талархан хүлээн авлаа.
Түүнд Баянгол дүүрэгт хийсэн ажил цөөнгүй бий. Тухайлбал, Улаанбаатар паласыг 1999 онд хэдэн карказ хатгасан, орхигдсон балгас байхад нь 4000 хүний суудалтай концертын их танхим болгоход түүний хувь нэмэр их бий. Ард-Аюуш, Энэбишийн өргөн чөлөөний автомашин зорчих хэсэгт доогуураа борооны ус зайлуулах системтэй, хамгийн сүүлийн үеийн автозамыг барих ажлыг санаачлан хийлгүүлсэн юм. Өмнө нь түүнд итгэл хүлээлгэж байсан шигээ энэ удаад ч бид итгэж сонгоно хэмээн баянголчууд илэрхийлж байна. Угаас энэ дүүргийнхэн оюунлаг ард түмэн учир эрдэм мэдлэгтэй оюунлаг хүнээ сонгоно хэмээн Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Лүндээжанцан онцолж байв.
Шадар сайд У.Хүрэлсүх: Эвтэй төрийг байгуулж, ээлтэй төрийг удирдаж чадна

-Би амьдралдаа нэг хүнтэй их олон жил нөхөрлөж байгаа. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд. Бид 1994 онд их улстөрд хөл тавьсан. Хүлгийн сайныг унаж, хүний сайныг ханилан байж мэддэг. Би энэ хүнээс дөрвөн зүйлийг олж харсан. Миеэгомбын Энхболд эх орноосоо урвахгүй юм байна, элссэн намаасаа гарахгүй юм байна, ханилсан ханиасаа салахгүй юм байна, найз нөхдөөсөө шарвахгүй юм байна. Энэ бол эр хүний эрхэм зан. Хэлсэн үгэндээ хүрдэг хүнд хүн бүхэн хүндэтгэлтэй ханддаг. Айлаар бодвол өрхийн тэргүүнээ сонгох хариуцлагатай мөч ирсэн. Ямар төрийн тэргүүнтэй байхаас энэ улс орны хувь заяа, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, гадаад дотоодын байдал шууд шалтгаална. Тиймээс энэ удаагийн сонгуульд хариуцлагатай хандаж, сонголтоо зөв хийх нь чухал болоод байна. Хэрэв чи зовлонгоос ангижиръя гэж бодож байвал зовлонгийн шалтгааныг нь ол гэж үг бий. Монголчууд бидний зовлонгийн шалтгаан бол эдийн засгийн хямрал, хэт улстөржсөн,ажлын хариуцлагагүй, дэг журамгүй, эв нэгдэлгүй байдал. Бид зовлонгийн шалтгаанаа олсон учраас зовлонгийн хаалгыг хааж, жаргалын үүдийг нээх учиртай. Үүнийг хийх хүн бол Монгол төрийн тэргүүн. Иймд Ерөнхийлөгч болох хүн хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой. Төрийн тэргүүн хүн эх орондоо хайртай, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, ёс суртахуунтай байх учиртай. Энэхүү шалгуурыг хангасан хүн бол яалт ч үгүй Миегомбын Энхболд гэж үзэн намаасаа нэр дэвшүүлсэн. Миеэгомбын Энхболдыг төрийн тэргүүн болгохоор ард түмэн олон жил бэлтгэсэн. Энэ хүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, хотын даргаар ажиллуулсан нь санаандгүй зүйл биш. Монголчууд төрийн тэргүүнээ, удирдагчаа сонгохын тулд эртнээс бэлтгэж, сургаж, алдаа оноог нь засдаг уламжлалтай ард түмэн. Тиймээс бэлтгэгдсэн хүнээ өнөөдөр монголын ард түмэн төрийн тэргүүнд илгээж байна. Монголын төрийн тэргүүн популист байх ёсгүй.Чингис хаан, Ю.Цэдэнбал гуай популист байгаагүй.Монгол төрийн тэргүүн ухаантай, уужуу тайван сэтгэлтэй, ёс суртахуунтай, асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, ард түмнээ боддог байх ёстой. Үүнд нийцэж байгаа хүн бол Миеэгомбын Энхболд. Энэ хүн эвтэй төрийг байгуулж, ээлтэй төрийг удирдаж чадна. Та бүхэн минь саналаа өгөөрэй.
Б.Даш-Ёндон:Манай дүүргээс Ерөнхийлөгч төрнө гэдэг нэр төрийн хэрэг
Монгол Ардын намын дарга асан, философийн ухааны доктор Б.Даш-Ёндон: -Миеэгомбын Энхболд хүү Баянгол дүүргийн уугуул иргэн. Төмөр замын эмнэлэгт энэ хорвоод мэндэлсэн хүү. Манай дүүргээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрж гарна гэдэг та бидний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг. Тиймээс уугуул иргэнээ дэмжье. Бид дарга гээчийг сонгох гээгүй, удирдагчаа сонгох гэж байна. Хүнд удам угсаа гэж бий. Энэ бол маш чухал. Би Энхболдынхоо аав Миеэгомбо багштайгаа олон жил хамтарч ажилласан. Түүнийг сайн мэднэ. Монголын хамгийн том эрдэмтдийн нэг байсан. Тэр ноён нуруутай, төлөв даруу, эрдэм боловсролтой, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд байдаггүй сайхан хүн байлаа. Энэ бүх сайхан шинж чанар Энхболдод бий. Миеэгомбын Энхболд хүүгийн улстөрийн намтар түүх, чадвар чансааг та бүхэн сайн мэднэ. Энхболд хүү Монгол Улсынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах сэтгэл, зүтгэлтэй хүн. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулалцсан. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх үлдээд байна. Их итгэл хүлээлгэж,Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоцгооё.
Д.Мөнхөө: Гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлсэн
.jpg)
Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө: -XX зуунд Монгол орныг тусгаар тогтносон, хүн ам нь эрүүлжсэн, аж үйлдвэр голлосон эдийн засагтай Монгол Ардын намын түүх, үйл ажиллагааны амьд гэрчийн хувьд улстөрч, төрийн зүтгэлтэн, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдыг бүрэн дэмжиж байна. Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүний хувьд олон жилийн турш монгол хүний амьдарч ирсэн орон байр, монгол гэрийн шүтэн барилдлагад суурилсан эвийг эеийг эрхэмлэн дээдэлсэн мөрийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна. Сонгогчид бид Үндсэн хуулиар олгосон төр барих эрхээ хэрэгжүүлэхийн нэг учир утга нь улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох явдал юм. Иймд бид алсыг харж, оюуныг шүтэж, үнэнд суурилсан мэдээлэлд тулгуурлаж, эх орон, үр хүүхдүүдийнхээ төлөө зөв сонголт хийх учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ажлын мэдлэг нь жигдэрсэн хүн байх ёстой. Мөн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж, залуу үеийн үлгэр жишээ болсон хүн байх учиртай. Энэхүү шаардлагыг хангасан хүн бол Миеэгомбын Энхболд. Та бүхний сонголт мэргэн байг.
Т.Бархүү: Ард түмний дэмжлэг амжилт, ялалтад хүргэх хүчтэй

-Намайг “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцоход манай гэр бүл, найз нөхөд, ах дүү хамаатан садан, хамт олон дэмжихээс гадна монголын ард түмэн та бүхний минь дэмжлэг чухал нөлөө үзүүлж, шилдэг оролцогч болж чадсан. Эндээс би ард түмний дэмжлэг ямар ч хүнийг агуу амжилт, ялалтад хүргэх хүчтэйг ойлгож мэдэрсэн. Би аль ч намын гишүүн биш. Гэхдээ би энэ удаагийн хариуцлагатай сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж байна. Яагаад гэвэл Монгол Ардын нам УИХ-д 65 суудал авсан. Тиймээс тэдний хийж бүтээх үйлсэд дэмжлэг болох зөв удирдагч хэрэгтэй учир намынх нь нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм. УИХ-ын гишүүдийн хийж бүтээх их үйлсэд нь хориг тавих биш дэмжих төрийн тэргүүн хэрэгтэй.
Цахим сүлжээгээр миний байтугай нэр дэвшигчийн нэр төрд халдсан. Би мөнгө авчихаад түүнийг дэмжиж байгаа юм биш. Мөнгөнөөс илүү сонголт үнэ цэнэтэй. Залуучуудын дунд хэрүүл үүсгэж, хагаралдуулдаг Ерөнхийлөгч бидэнд хэрэггүй. Яг эцэг хүн шиг байж чаддаг ноён нуруутай Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. “Яг түүн шиг” шоуны үеэр “Бархүүг барах уу, Мээдээг мэдэх үү” гэсэн үг гарсан байсан. Тэгвэл Миеэгомбын Энхболдыг муулж, элдвээр хэлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Энхболдыг тэд эндүүрчээ” гэж хэлмээр байна. Түүнийг ойлгох цаг ирнэ.
Г.Цэрэнпагма: Энхболд оо, миний хүү урагшаа
-Миеэгомбын Энхболд өөрийн гэсэн бодолтой, туршлагатай хүн.Өнгөрсөн хугацаанд манай дүүрэгт олон бүтээн байгуулалт, бодлогын чанартай ажлуудыг хийсэн. Нөгөө хоёр нэр дэвшигчээсээ хамаагүй илүү. Учир нь юу гэвэл, буурь, суурьтай, эрдэм боловсролтой улстөрч. Тиймээс түүнийг манай үр хүүхэд минь ч цаашид үргэлж дэмжинэ. Энхболд оо, миний хүү урагшаа. Бид хүүгээ дэмжинэ.
Б.Туул: Анхныхаа сонгуульд М.Энхболд ахыгаа дэмжиж оролцоно
-Би анх удаа Ерөхийлөгчийн сонгуульд санал өгнө. Гэхдээ анхныхаа сонгуульд Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж оролцоно гэж бодож байгаа. Яагаад гэвэл Монгол Ардын нам залуус бидэнд чиглэсэн олон бодитой ажил хийсэн гэж боддог. Жишээ нь, энэ жилээс Оюутны сургалтын зээлийн сан бий болгож, оюутан залууст сургалтын төлбөрт санаа зоволтгүй суралцах боломжийг нээж өгсөн. Үүнээс гадна мөрийн хөтөлбөртөө залуусын боловсролд чиглэсэн хөтөлбөрийн тусгаж өгсөн нь залууст таалагдаж байгаа.
М.Чулуунбаатар: Монгол уламжлалаа мөрийн хөтөлбөртөө шингээсэн
-Миеэгомбын Энхболд ажил үүргийн хамгийн багаас нь төрийн тэргүүн хүртэлх бүх албан тушаалыг хариуцлагатай хашсан туршлагатай хүн. Тиймээс төрийн тэргүүний өндөр хариуцлагыг Миеэгомбын Энхболд дааж чадна. “Монгол төр- Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь улс орныхоо уламжлалаар нэрлэгдсэн, өргөн хүрээтэй мөрийн хөтөлбөр болсон учир дэмжиж байна.
С.Баттулга: Оюунлаг сонголт хийнэ
-Би оюутан. Тиймээс бидний ирээдүй сайн сайхан, гэрэлтэй байгаасай гэж хүсч явдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс УИХ-д байхдаа хийсэн ажлуудыг үнэлж цэгнэж сонголтоо хийсэн. Энэ дундаас би Миеэгомбын Энхболдод саналаа өгч оюунлаг сонголт хийнэ.
.jpg)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ