МАН давуулж, МАХН дутуудуулж, АН-ын сурталчилгаа байгаа онож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд дундаа орлоо. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөж байна. Гурван намын нэр дэвшигчдийн хоорондоо эрс тэс өөр өнгө аяс бүхий сурталчилгаа үргэлжилсээр.
Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа үнэхээр бяртай, өнгөлөг, мөнгөлөг байгаа нь андашгүй харагдана. Тэд үнэхээр бярдаж байна. Монголын бүхий л гялтайх болгон МАН-ын сурталчилгаанд жагсчээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд, ардын цолтнууд, гавьяатуудаас эхлээд урлаг, спортын одод, хэвлэлийнхэн бүрэн багаараа, сошиал сүлжээнийнхэн, аль л баян тарган компанийнхан тэр чигээрээ, аахилж уухилсан уяачид, аагласан том том машинууд, алт, мөнгө шүр, сувд тэнд багтаж ядан байна. Монголын нийгмийн аль өнгөтэй өөдтэй бүхэн “Би хоцорчих вий” гэсэн шиг МАН-ын сурталчилгааны зүг хошуурчээ.
Сөрөг хүчний шүүмжилж буйгаар бол МАН-ын нэр дэвшигчийн онгоцны зардал л гэхэд тэрбум төгрөг давсан гэх. Тэд давсдуулж байж ч мэднэ. Гэхдээ л МАН-ын сурталчилгаа тэнгэрээр цамнаж, тэнгэрт гарчихсан явна. Энэ нам ингээд ирэхээрээ ялагдчихдаг гэм бий. 2008 онд засгийн эрхийг барьж байхдаа УИХ-ынсонгуулийн сурталчилгаагаа иймэрхүү ааг бяртай хийсний дараа аймшигт “Долоон сарын 1”-ий үйл явдал өрнөж байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь ч хэтэрхий бярдсан сүржин байсан хэдий ч үр дүн нь ялагдлаар төгссөн.Одоогийн сурталчилгаа чийм өнгө аястай харагдаж байна. Эд баялаг, алдар нэр, дуу цуу болсон баян тарган байдал сонгогчдоос санал авахад төдий л нөлөөлдөггүй. Харин ч эсрэгээрээ хүмүүс санал өгөхгүй тал руугаа ханддаг.
Яагаад гэхээр өнөөдөр ард түмний бараг 90 хувь нь нүднээс гарчихаад байна. Төр засгийн энэих татварын дарамт шахалт, ханшийн өсөлт, ард түмэндээ ээлгүй бодлогын үр дүнд энэ ард түмэн чинь нийтээрээ нооройчихож. Ард олноосоо хэт тасарсан баярхал тансаглалын тухай нэгэн гунигтай түүх үе үе санаанд ордог юм. Аль тэртээ 1790-ээд онд өлсгөлөн ядууралд туйлдсан францчууд бослого гаргаж хааны ордныхоо гадаа иржээ. Үй олон босогчдыг цонхоороо харсан XVI Людовикийн гэргий Мария Антонетте "Энэ олон хүн яах гэж энд цугларсан юм бэ" гэж асуужээ. "Тэдэнд идэх талх байхгүй учраас" гэж хариулахад "Тэгвэл тэдэнд бялуу өгч болдоггүй юм уу" хэмээсэн гэдэг. Үмх талх олдохгүй өлбөрч байгаа ядууст бялуу гэдэг мөрөөдөөд ч олдохгүй тансаг идээ гэдгийг хатан огт мэддэггүй.
Үүнтэй адил эрх баригчид, алдар цуутнууд, компанийн эзэд Монголын эгэл жирийн ард түмний амьдралаас хэтэрхий дээшээ тасарчихсан, хүмүүс яаж амьдардгийг мэдэхээ больжээ. Эгэл ардын амьдрал тээр дор үлдсэн. Эрүүл нийгмийн илэрхийлэл болсон дундаж давхаргынхны эзлэх хувь тун бага. Ийм л баян ядуугийн туйл болсон нийгэмд ард түмний 50-60 хувь нь нүүрэндээ гэрэл цацруулан инээсэн хөрөнгөлөг мөнгөлөг хүмүүсийг харахаараа үзэн ядаж уурладаг болсон байна. Улаан даавуу харсан бух улангасан дайрдаг шиг л.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаа бусдыгаа бодвол тун дорой байгаа нь ажиглагдаж байна. “Ганц гялтайж буй нь Н.Энхбаяр” гэж манай сонин өмнө нь бичиж байсан даа. Энэ намынхан үнэндээ бадар барьж сонгуульд орж байна. Зүүн Өмнөд Азийн бор саарал хувцас бүхий буддын лам нар өдрийн хоолныхоо цагаар аягаараа тог тог хийлгэж тогшиж бадар бариад зогсч байдаг. Тэд олны буян санаж өгсөн хоёр гурван доллараар өдрийн хоолоо авч иднэ. МАХН-ын сурталчилгааг харахад энэ л санаанд ордог юм.
Мөнгө босгож байна гэж ард түмнээсээ гуйгаад л. Энэ бүхэн нь тэднийг хэт дорой харагдуулж байна. Дорой хүнийг ард түмэн өрөвддөг болохоос сонгоддоггүй юм. Ядахдаа гар бариад бугуй барина гэгч болохыг яана. Хүмүүс таван доллар өгөхөөр шавар зоос зуусан мэлхий дүрстэй баримлаа арван доллараар зарна гэж зүтгэх. Иймэрхүү алдаа алхам тутамдаа гаргаад байх юм. Ядарсан юм зайлуул гээд мөнгө өгье гэхээр нэр дэвшигчийнх нь үгийг сонсоод үргэж зугтмаар. Хэрэв Ерөнхийлөгч болвол АН, МАН хоёрыг устгана л гэнэ. Оюу толгой, Таван толгойг хурааж авна, гадныхныг Монголоос хөөж гаргана л гэнэ. Хэлж ярьж байгаа үг бүхэн нь “хулгайч, худалч...”-аар дүүрэн. Ингэж ярьж байгаа хүний төлөө саналаа өгөх үү.
Манай сонин өмнө нь “Ерөнхийлөгчийн сонгууль бол цуглаан биш. Аль нэг намын сонгууль биш. Бүх ард түмний сонгууль” гэж бичиж байсан. Ийм байвал юун АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах билээ. Өмнөх сонгуулиар нэр дэвшиж байсан Н.Удвалын дайны санал авбал их юм болж харагдаж байгаа.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгаа ерөнхий төрхөөрөө оноод, зөв яваад байх шиг харагдаж байна. Яагаад ингэж ажиглагдав гэхээр нийгмийн олонхийн дүр төрхийг ерөнхийд нь харуулж чаджээ. Аюулын хөрөнгөтэй, нутаг усныхаа хүмүүсийн амьдралд тус дэм болоод тэднийгээ аваад явчихдаг ийм шинэ цагийн монголчууд Монголд нэгэнт бий болжээ. Нутаг нутгаас төрж гарсан ийм хүмүүс олон бий. АН-ын нэр дэвшигчийн “Үйлдвэржилтийг хөгжүүлнэ. Эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлнэ” гэх зэрэг ярианууд нь нийгмийн дийлэнх олонхийн сэтгэл зүрхэнд хүрч байна. “Хэлсэн үг нь хүнд хүрдэг. Залуус нь хэн ах гээд ухасхийдэг. Хөгшчүүд нь хэний хүү ирлээ гээд өндөсхийдөг. Ийм нэг хөдөө хотгүй таньдаг мэддэгтээ тус дэм болдог эр хүн байдаг даа. Яг үүн шиг Х.Баттулга эгэл түмний сэтгэлд ойрхон имижийг бүрдүүлж чадаад байна. Одоо түүнд цаашид анхаарууштай нэг зүйл байнаа. Өөрийг нь дэмжигчид гэх улаан фанатуудынхаа үг хэлийг үе үе хазаарлаж хянаж байхгүй бол өөрийнх нь эсрэг ашиглаад эхэлжээ. Эсрэг намынхан нь Х.Баттулгыг шүүмжлэхдээ түүний дэмжигчийн хэлсэн “200 толгой ...” ч гэх шиг элдэв дэмий үгийг нь зогсоо зайгүй ашиглаж байгаа. Тиймээс энэ мэт элдэв дэмий үгийг хянаж байх хэрэгтэй. Ийнхүү алдсан адуугаа эрж яваа аймгийн зааны дайтай яваад байхад ард түмэн Х.Баттулгыг “Бидэнтэйгээ адилхан юм. Биднийгээ бодвол хоолтой эрээ, наадах чинь. Мань мэтийн борог хүмүүсийг ад тээр үзэлгүй аваад явчих эр шүү” гээд дэмжээд байх шинжтэй.
Ер нь орчин цагт улс орныг удирдана гэдэг нарийн онол ухаан судалж, гадаадын өндөр нэр хүндтэй сургуульд сурч онол номд боловсорсонгэхээсээ илүүтэй бизнес болсон. Үүнийг бид өдөр бүр л харж сууна. Орчин үед дайн тулаан гэдэг газар нутаг булаацалдах, тусгаар тогтнолыг устгана гэхээс илүү бизнесийн талбараа өргөжүүлэх тэмцэл болжээ. Бид өмнө нь мөн л энэ тухай “Хүний Ерөнхийлөгч 300 Бойнг зараад ирж байхад манай Ерөнхийлөгч гурван хоригдол чирээд ирж байх юм” гэж бичиж байлаа. Хэн дэлхийн улсуудад юмаа зарж байна, тэр улс хөгжиж байна. Яг үүнийг ард түмэн совингоороо мэдээд Х.Баттулгыг дэмжээд байгаа бололтой. Орчин цагт улс орон оршин тогтнох үндэс суурь нь амжилттай худалдаа наймаа болжээ. Тун саяхан Д.Трамп Саудын Аравид айлчлахдаа 280 тэрбум ам.долларын хэлэлцээр наймаа хийчихлээ. Си Жин Пин гарсан цагаасаа эхлэн Европ Азийгтэр чигт нь худалдаа наймааны таатай бүс болгох гээд “Нэг зам-нэг бүс”-ийн бодлогоо зүтгүүлж байна. Европын улсууд хориг тавингуут Путин хоригт ороогүй бүх улстай өргөнөөр харилцаж эхэлжээ. Монголыг ч жижиг гэж гололгүй өмнөд хаалгаа цэлийтэл нээж Улаан-Үүдээ манайхнаар тэжээлгэж байна шүү дээ. Энэтхэгийн худалдаа наймааөргөжин тэлэхийн хэрээр улс орон нь хүчирхэгжиж байгааг харж болно. Улс орон хүчирхэг байхын тулд хүн авчихаар зүйл үйлдвэрлэдэг, тэрийгээ олон улсын зах зээлд ашигтай наймаалцаж чаддаг гүйлгээ ухаантай хүн төрд хэрэгтэй. Ийм хэрэгцээ, энэ орон зайг нөхөж чадна хэмээн ард түмэн Х.Баттулгыг үнэлж байна. Нөхөж чадна гэдгээ ч нэр дэвшигч илэрхийлж байгаа.Тиймээс түүний сонгуулийн сурталчилгаа зөв зүгтээ чиглэжээ гэж ажиглагчид дүгнэж байна.
Гэхдээ сонгууль дуусах болоогүй байна. Үлдсэн хугацаанд хэн ямар үйлдэл үзүүлж, юуны тухай ярихыг сонгогчид анхааралтай ажигласаар байгаа. Тэдний онож хэлсэн нэг үг, эсвэл болчимгүй үйл хөдлөл, дэмжигчдийнх нь алдаа оноо хүртэл сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь дамжиггүй юм.
Г.ГЭНДЭНДАРАМ
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ