Cardiff Singer of the World уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн дуучны шагнал (Song Prize) хүртлээ
-МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙН СОНГОДОГ УРЛАГИЙН УРАЛДААНД ДУУЛАГДСАН
АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛЛОО-
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд (Song Prize) тэргүүн байр эзэллээ. Энэхүү уралдааны төгсгөлийн шатанд тэрбээр нийт гурван дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд Чингис хаан одонт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяа зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулсан юм. Ийнхүү монгол дуу дэлхийн сонгодог урлагийн том уралдаанд дуулагдсан анхны тохиолдол боллоо.
МУГЖ Г.Ариунбаатарыг “Монголын тал нутаг” дуугаа дуулж дууссаны дараа тус уралдааны зөвлөх (vocal expert) Мэри Кинг нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтаж байв. Үнэхээр Монгол сонгодгийг дэлхийн тайзнаа хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатараар бахархахгүй байхын аргагүй юм.
"Opera Wire" www.operawire.com -д мэдээлэхдээ “Ганбаатар Ариунбаатар, Катриона Моррисон нар “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны дууны төрөлд тэргүүн байр эзэллээ. Урьд өмнө нь уралдааны сонгон шалгаруулалтад хоёр хүн тунаж үлдсэн тохиолдол байгаагүй. Г.Ариунбаатар Шуберт, Чайковский, Форе Шаравын бүтээлээс толилуулав. Энэ удаагийн шалгаруулалтын түүхэнд анх удаа "Үзэгчдийн таашаалд нийцсэн" шагнал нэмэгдэн гурван шагнал олгогдох юм” гэжээ.
Мөн “Opera Wire” -д “Г.Ариунбаатар нь Монгол Улсын СУИС-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр, профессор О.Ичинхорлоо багшийн удирдлага дор 2005-2010 онд суралцаж төгссөн.
Тэрээр М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал; П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал тус тус хүртсэн. Мөн тэрээр Английн хатан хааны ордонд урилгаар дуулсан.
Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
-МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАХ МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙНА-
МУГЖ Г.Ариунбаатар “Манай гайхамшигт дуучин Энхбатын Амартүвшингийн анхлан шан татсан энэхүү уралдаанд ирж оролцон, Романс болон Мэргэжлийн гэсэн хоёр ангилалд сүүлийн шатанд шалгарч үлдлээ.
Монгол гэж цоллуулахдаа үргэлжид жаргах юм даа. Oдоо зөвхөн сайхан дуулах л үлдлээ. Монгол түмний минь буян заяа түшиг ээ... Энэ уралдаанд миний гангараа МОНГОЛ СОНГОДОГ. Монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмж төрж байна шүү” хэмээн сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ.
Өнгөрсөн бямба гариг (VI/17)-т авьяаслаг дуучин маань “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны Романсын төрөлд тэргүүн байр эзлэв. Тэрбээр “Энэхүү уралдааны төгсгөлийн шатыг миний дуулсан бүтээлүүдээс Б.Шарав багшийн “Монголын тал нутаг” дуугаар хаасан юм. Энэхүү дуу, аялгууг шагшин магтаж, BBC телевизийн хөтлөгч сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа” хэмээв. Cardiff St Davids Hall дүүрэн үзэгч нижигнэсэн алга ташилтаар түүнийг мялаав. “Монголын тал нутаг” дуугаа дуулж дууссаны дараа тэрбээр ВВС ТВ-д ярилцлага өгөхдөө “Дэлхийн сонгодог урлагийн уралдаанд “Монголын тал нутаг” дуугаа дуулсандаа баяртай байна” гэлээ.
“BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны шилдэг 20 дуурийн дуучны тоонд МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар багтсан билээ. Өнгөрсөн жил энэхүү тэмцээнд манай улсаас УДБЭТ-ын гоцлооч, баритон Э.Амартүвшин оролцож, “BBC Cardiff Singer of the World 2015”-ийн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан билээ.
Тун удахгүй “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны шилдгийн шилдэг тодрох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ