“Оюунлаг Сүхбаатарчууд оюунлаг сонголт хийнэ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн өдрийн дараа болно. Хоёр их гүрний дунд оршин тогтнохдоо хожил голдуу нүүдэл хийж ирсэн монгол түмний сонголт зөв байна гэдэгт итгэж байна. Би жирийн нэг сонгогч. Их жанжин Д.Сүхбаатараар овоглосон дүүрэгтээ насаараа ажиллаж, амьдарч яваа эгэл иргэн. Ардын хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгох гэж олон жил зүтгэж буй багш хүн. Төрүүлж төлөвшүүлсэн шавь нараараа бахархдаг, Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж өнөөг хүрчээ.

Гэвч нэг зүйлд сэтгэл эмзэглэж байна. Аливаа ажил, албан тушаалд хүн томилох, сонгоход заавал шалгуур тавигддаг. Хувийн компани ч ажилчин сонгож авахдаа шалгуур, шаардлагын босго тогтоодог. Өнөөдөр Монгол Улсын төрийн албанд ажиллахад өндөр босго давж ордог, боловсролын болон ажлын дадлага туршлагыншалгуур үзүүлэлт байдаг. Төрийн албаны шалгалт өгөхөд хүртэл төдөн жил ажилласан байх гэдэг шалгуур бий.

Тийм байтал Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид наад захын мэргэжил боловсролын шалгуур тавиагүй, ерөөс манай улстөрийн зарим нам боловсон хүчний “ядуурал”-д орчихсон харагдаж байх юм. Төрийн тэргүүнээ сонгох гэж байж боловсролын болон төрийн албаны зарим чухал шалгуур үзүүлэлт тавьдаггүй нь хачирхалтай бөгөөд харамсалтай. Боловсрол мэдлэг өндөртэй, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн ажил албаны арвин их дадлага туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, зан суртахууны хувьд төлөвшсөн, өндөр ёс зүйтэй тийм л иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож гэмээнэ Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, гадаад харилцаанд улс орноо бүрэн эрхтэй төлөөлөх, жинхэнэ төрийн тэргүүн нь болно.

Хүний эзэмшсэн суурь боловсрол, эзэмшсэн нарийн мэргэжил, түүнээс улбаатай мэдлэг, оюун ухаан, ур чадвар гэдэг маш чухал. Хувийн амьдрал ахуйгаа өөд татахад ч тэр, улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, олон улсын тавцанд нэр нүүр алдахгүй явахад ч тэр мэдлэг мэргэжил зайлшгүй, хамгийн чухал шалгуур. Дэлхийд Монголоо төлөөлж чадах өндөр боловсролтой хүн монголчуудын сонголт байх ёстой.

Мэргэжил хэрэггүй, мэдлэг шаардлагагүй юм бол яагаад хүчирхэг улс орнуудын удирдагчид хүчирхэг мэдлэг, мэргэжилтэй байна вэ? Учир нь аливаа улс орны удирдагч, Төрийн тэргүүн гэдэг мэдлэг хэмээх хүчтэй “зэвсэг”-тэй байх ёстой. Тэгж байж сая улс орон хөгжиж хүчирхэгжих тухай ярина.

Тиймээс “Оюунлаг Сүхбаатарчууд оюунлаг сонголт хийнэ” гэдэг уриалгыг энэ дүүргийн оршин суугчийн хувьд ч тэр, Монголын боловсролын салбарт олон жил зүтгэж яваа багш хүний хувьд ч, Ерөнхийлөгчөө сонгох том сонголтын өмнө ирсэн жирийн нэг иргэний хувьд ч тэр дэмжиж байна. Та бүхнийг ч уриалж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ