Наадмаар нийслэл хот бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно гэв

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын гудамж талбай өнгийн цэцэгсээр гоёх болсон. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжинд онцгойлон ач холбогдол өгч, мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэн, төсөв гаргадаг болсонтой холбоотой юм. Өнгөрсөн жил Ногоон байгууламжид 5,8 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил мөн адил 5.8 тэрбум төгрөг төсөвлөж, төвийн зургаан дүүргийн 27 гудамжинд ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт хийж эхэлжээ. Тус ажил арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл ажил үргэлжлэх аж.

Энэ жил технологийн дагуу услах, бордох, сэргээх, тарих, шохойдох, тэгшлэх зэрэг 21-22 нэр төрлийн ажилбарыг дөрөвдүгээр сараас эхлэн хийж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд 450,000 орчим мод сөөг тарьсан байна.

Тодруулбал, ургамлан хашилгад хайлаас, шар хуайс гэсэн сөөгүүдийг тарьжээ. Мөн өмнө нь тарьж байгаагүй том хэмжээний улиас, шилмүүст мод, тэр дундаа 2,000 гаруй том оврын шилмүүст нарс модыг гурван талд нь тулгуур хийж, тарьсан аж.

Харин ногоон байгууламжаа арчлах тал дээр гурав хоноод нэг услах, бордоо, нэмэлт тэжээлийг Солонгос, Хятад улсаас оруулж ирж, хийж байгаа юм байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 200,000 м.кв зүлэг шинээр тарьсан бөгөөд Улсын баяр наадам гэхэд Улаанбаатар хот бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно гэж албаны эх сурвалж хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ