Г.Шийлэгдамбад холбогдох 50 сая ам.долларын авлигын хэргийг шүүх хурал дахин хойшлов

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбад холбогдох 50 мянган ам.долларын авлигын хэргийг шүүх хурал дахин хойшиллоо. Энэ удаад мөн л шүүгдэгч Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн нарын өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй байна.

Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж, энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлжээ. Тиймээс шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 14 хоногоор буюу ирэх сарын 06-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдээд буй.

-Тэд гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ-

Г.Шийлэгдамба О.Даваасүрэн гэгчээс 50 сая ам.доллар авсан ба тус мөнгийг намын дарга Н.Энхбаярын даалгавраар намын санхүүжилт босгох зорилгоор авсан гэж хэвлэлээр ярьсан байдаг. Хэрэв тэд гэм буруутай нь тогтоогдвол авлига авсан, өгсөн үндэслэлээр тус бүр шийтгүүлж, 5-10 жилийн хорих ял авах юм.

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх

269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ