Наадмын нээлтийн үйл ажиллагаанд 600 сая төгрөг зарцуулна


Засгийн газраас энэ жилийн үндэсний их баяр наадмын төсвийг 2.7 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайг бэлтгэх засвар, шинэчлэлтийн ажилд 150 орчим сая төгрөг зарцуулна. Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт цагдаагийн зөөврийн байр барихад 60 сая төгрөг, сур харвааны талбайд сандал нэмэхээр 20 орчим сая төгрөг төсөвлөсөн байна.
Бусад зардал нь стадион тойрсон ногоон байгууламжийг арчлах, нийтийн эзэмшлийн бие засах газруудыг сэргээх, цэнгэлдэх орчмыг будаж өнгөлөх зэрэгт зарцуулагдах юм байна. Хүй долоон худагт бие засах 40 био жорлон шинээр тавьж, автобуснаас буугаад морь руу явах хэсэгт 10 гүүр барих зэргээр тохижилт, арчлалтын зардлыг тусгажээ.
Дашрамд, Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбар ирэх сарын 7-нд худалдаанд гарах юм байна. Үнийн хувьд 16, 20, 24 мянган төгрөг байх бөгөөд Соёлын төв өргөөний кассаар худалдаалах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ