Х.Баттулга :Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуусдаа уриалмаар байна

Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Нийслэлийн 48-р сургуулийн байран дахь хэсгийн хороонд дөнгөж сая саналаа өглөө. Тэрээр саналаа өгснийхөө дараа “Монгол орон даяар нийт 2 сая гаруй иргэн өгөх юм байна. Миний бие ирцийн байдлыг харж байгаад хөдөө гадаа явсан залуусыг эргэж ирэх үеийг тааруулан уриалах зорилгоор энэ цагт саналаа өгч байна. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуусдаа уриалмаар байна” гэв.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахи хариултыг өглөө.

-Н.Түвшинбаяр аварга хүн зодсон гэсэн мэдээлэл явж байна. Та үүн дээр ямар хариулт өгөх бэ?

-Н.Түвшинбаяр аварга хүн зодсон гэж худлаа. Монголчууд олимпоос хошой медаль эх орондоо авчирсан аваргаа хүндлэн үздэг. Тиймээс энэ төрлийн гүтгэлгийг одоо бид ялгаж сурах хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар маш их хар гүтгэлэг, пиар явлаа. Тэдний л нэг. Н.Түвшинбаяр аварга одоо нутагтаа байгаа.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод саналаа өгсөн гэсэн мэдээллийн тухайд?

-Юу гэж дээ. Намынхаа дарга байсан хүн намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүнээ дэмжих нь тодорхой.

-Та залуусын хар тамхины хэрэглээний асуудалд ямар байр суурь илэрхийлэх бэ?

-Хар тамхитай холбоотой асуудал манай оронд их эмзэг. Хоёр том хэрэглэгч гүрний хооронд оршдог учраас тээвэрлэгч байх эрсдэл байдаг. Тиймээс энэ талаар би мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн байгаа. Залуустаа хандаж хэлэхэд, хар тамхины хэрэглээнээс болгоомжилж, боловсролдоо анхааран, спортоор хичээллээрэй гэж хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ